УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан "Фортуна" Батбаяр нарыг өчигдөр орой цагдан хорисон билээ. Тэднийг Хөгжлийн банк болон бондуудуудын санхүүжилтэд хийж буй шалгалттай холбогдуулан АТГ-аас байцаасан ч үргэлжлүүлэн хорьж шалгахаар болсон байна. Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ЦЕГ, ЭЦГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж, Хөгжлийн банкнаас зээл авсан бүх компаниудыг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн байна. Эхний ээлжинд Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан "Фортуна" Батбаяр нарыг онилсон бололтой.
Анх Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнуудыг сэжигтнээр татан шалгаж байгаа талаар 2014 оны наймдугаар сарын 01-ний өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр мэдэгдэж байсан. Түүнээс хойш АТГ газар тасралтгүй шалгаж бондын мөнгөөр гараа угаасан эрхмүүдийг эхнээс нь шалгаж цагдан хориод байна. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр ийнхүү цагдан хорьсон байна. Түүнийг өмнө нь цагдан хорих талаар яригдаж байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас гадуур байцаагдаж байсан юм.
Арын сайхан хангай нутгийн иргэдийн итгэлийг хэдэн удаа даан УИХ-д сонгогдсон “Фортуна” Батбаяр 2012 онд Эдийн засгийн хөгжлийн сайд болмогцоо бонд босгох ажлыг гардан гүйцэтгэсэн. “Чингис” бондыг санаачилж, 1.5 тэрбум ам, доллар, Японоос “Самурай” бондын 600 сая доллар, “Кредит Свисс” банкнаас 300 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээлийг тухайн үед тус банк авсан байдаг.
Төсвөөс гадуур зарцуулагдсан “Чингис”, “Самурай” бондуудын хөрөнгө 20-иод тэрбумаар хаашаа ч юм алга болж. Нүдэнд өртөхөөр хийсэн ажил нь аймгуудыг Улаанбаатартай холбосон авто зам, өргөн уулзварууд. Н.Батбаяр сайд байх хугацаандаа 33 уулзвар, 122 км хурдны зам барих ёстой гэж “Чингис бонд”-ын хөрөнгөөс 200 сая ам.доллар “Гудамж” төсөлд гаргаж өгсөн.
Товчхондоо энэ бүх хулгай, луйврын зохион байгуулагч, голлон тоглогч нь Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр гэдгийг олон удаа хэвлэлүүд онцолж байсан.
Тиймээс ч түүнийг Н.Мөнхбатыгаа чирээд “Нүүрс” гэх тодотголтой Л.Гансүхийн араас дээлээ нөмрөх хамгийн магадлал өндөртэй хүн хэмээн нэрлээд байна.
Түүний идсэн уусан мөнгө нэгээр дуусахгүй. Үүнээс гадна өнгөрсөн онд Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт ташаа ойлголт төрүүлэн Засгийн газрын тогтоол гаргуулж, ингэхдээ нэмээд нийт 46.3 тэрбум төгрөгийг “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн.
Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8.7 км хатуу хучилттай замын ажлыг гүйцэтгэхээр ТЭЗҮ хийхэд 20 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэж байхад Халзанбүргэдэй-Солонготын чиглэлийн замын хөрөнгийг баталсан яг тэр өдрийнхөө Засгийн газрын хуралдаанаар давхар оруулж ирээд 33 тэрбумаар хөрөнгийг батлуулж Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид санхүүжилт шийдэж өгсөн хэмээн АТГ мөн л шалгаж байсан.
Тухай үед АН засаг барьж байсан бөгөөд асуудал тэгсхийгээд намжсан.
Харин одоо Фортуна” Н.Батбаяр Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн 263 дугаар зүйлийн 263.2- т Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн хуулийн заалттай зүйл ангиар шалгагдаж байна.
Харин АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатарын хувьд хүүгийнхээ “Монроуд” компаниар дамжуулан хэмжээний санхүүжилт авсан нэгэн. Хамгийн тод нэгэн жишээ дурьдахад, Атар өргөөгөөс-Яармагийн гүүр хүртэлх нэг км автозамыг “Монроуд” компани 440 сая төгрөгөөр тавихаар гэрээлсэн ч 1,8 тэрбум болгож огцом өсгөсөн. Үүнтэй холбогдуулан түүнийг ийнхүү цагдан хориод байна. Энэ хэрэгт Б.Гарамгайбаатараас гадна түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг ч мөн холбогдуулан шалгаж эхэлжээ. АН засаг барьж байхад бондын мөнгөөр бүтээн байгуулалт босгох нэрээр хувьдаа ихээхэн хэмжээний мөнгө завшсан эрхмүүд Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нараар зогсохгүй. Улс орны эдийн засаг хямарсан, ард иргэдийн амьжиргааны түвшин дордсон энэ үед ийм нөхцөл байдалд хүргэсэн эрхмүүдийг бүгдийг нь шалгах хэрэгтэй. Идсэн уусан мөнгийг эргүүлээд улсын орлого болгох хэрэгтэй. Бондын мөнгөөр гараа угаасан нэлээд олон эрхэм буй. Тэдний араас хэн "дээлээ нөмрөх" бол?. Үүнийг та дараагийн дугаараас уншаарай.