Өнөөдрийн үүсэх эдийн засгийн нөхцөл байдлыг Ерөнхийлөгч намрын чуулганы сүүлчийн өдөр чуулганы хуралдаанд сануулж байжээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах тогтоолын төслийг хэлэлцэх үед тэрээр хэлсэн үгэндээ, “Та бүхний энэ гаргах гэж байгаа шийдвэр олон улсад Монголыг ганцаардуулах болно. Монгол хүмүүс энд түгжигдэж, бизнесийн харилцаа, улс орноо өөд татах, хөгжүүлэх гэсэн алхам бүхнийг боосон шийдвэр болно... Энэ шийдвэрийг гаргасан цаг мөчөөс эхлээд Монгол руу харах гэж байсан дэлхийн санхүү, эдийн засгийн бүх байгууллага үйл ажиллагаагаа зогсооно. Шууд эдийн засаг, санхүүгийн олон улсын хориг Монгол дээр тавигдана” гэж сануулсаар байтал төрийн тэргүүнийхээ өмнөөс танхим дүүрэн хэрэлдэн байж баталсан. Харин одоо энэ шийдвэрийн горыг амсаж эхэллээ. Харамсалтай нь тэнд суугаа түшээд биш, жирийн иргэд энэхүү дарамтыг шууд хүлээж, бүсээ чангалах болоод байна. Тусгаар улсын төр өнөөдөр чадамжгүйгээ хүлээн зөвшөөрч, гадны байгууллагаар санхүүгийн сахилга бат заалгахдаа туллаа. Ингэхдээ ард түмнээсээ авах татвараа нэмж, өр зээлтэй иргэдээ “багалзуурдан”, үгээгүй ядуурсан бүлгийнхний талласан талх, жижиглэсэн дотор махаар өл зогоохыг нь харах эмгэнэлт дөрвөн жилийг үдэх нь. Ядарсан иргэний сүүлчийн талхыг булаасан ч хааны тансаглал огтхон ч буураагүй дундад зууны үеийн дүр төрхийг ирэх жилүүдэд Монголд харах нь.
Ерөнхийлөгч сануулсаар байтал Монгол Улс санхүүгийн эрхээ алдлаа
2017-02-21 16:11:36