Вирижиниа хотын Дюллес нисэх онгоцны буудалд хоёр Монгол эмэгтэй 42 паунд буюу 20 кг адууны мах, засаа зэргийг тээвэрлэж яваад баригдсан талаар АНУ-ын гаалийн хэлтсийн ажилтнууд мэдээлсэн байна. Адууны махыг жүүс, ундааны хайрцаганд тээвэрлэж байсан бөгөөд анагаах ухааны зориулалттайгаар ашиглана гэж мэдүүлжээ.
Энэхүү хэрэг нь нэгдүгээр сарын 29-ны өдөр болсон бөгөөд тус хоёр Монгол эмэгтэйд ямар нэгэн ял шийтгэл ноогдуулаагүй талаар пүрэв гарагт мэдээлжээ. Мөн гурван литр сарлагийн сүү тээвэрлэж байсан талаар мэдээллэв.
АНУ-ын гаалийн ажилтнуудын мэдээлж буйгаар адууны мах онгоцоор тээвэрлэхэд хориотой бүтээгдэхүүн бөгөөд тусгай зөвшөөрлийн дагуу тээвэрлэх ёстой. Мөн Монгол адууны мах мал амьтны өвчлөл үүсгэгчийн нэг бөгөөд тэр бүр хилээр нэвтрүүлдэггүй аж.
Гаалийн албаны ажилтан Стефан Сафф "Бид тээвэрлэсэн ачааг шалгахаар нээхэд мөнгөлөг тугалган жүүсний саванд сайн ороож хийсан байсан" гэв. Дээрхи 20 кг адууны махыг устгалд оруулсан бөгөөд мах болон бусад хориотой ачааг тээвэрлэхэд АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай хэмээн мэдээлжээ.
Монгол адууны махыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд шүлхий өвчин үүсгэгч үхлийн аюултай хэмээн үздэг байна. Иймд фермерийн аж ахуй эрхэлдэг хүмүүст ноцтой хохирол учруулж болно гэдгийг Гаалийн албаныхан онцолж, анхааруулж байв. Анх удаа хориотой бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаа нь Монгол улс биш бөгөөд вүүдүү шашны зан үйлд ашиглах амьтны цус, араг яс зэрэг ачаанаас илэрч байсан бол Африкаас ирсэн нэгэн зорчигчийн ачаанаас утсан сармагчин бүхлээрээ гарч байсан бөгөөд дүүгийнхээ төгсөлтийн баярт зориулан авчирсан хэмээн хэлжээ.
Мөн Африкийн аялагч, зорчигчоос амьд далайн морь, эмгэн хумс зэрэг олдож байсан аж.
Chuhal.mn
Эх сурвалж: Вашингтон Пост