АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан муслим хүн ам голлодог долоон орны эсрэг авсан цагаачлалын хоригийг сэргээхээс татгалзсан билээ. Тэгвэл энэ шийдвэр гарсаны маргааш буюу Японы ерөнхий сайд Шинзо Абэтай хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Трамп ирэх долоо хоногт аюулгүй байдлын шинэ арга хэмжээ авна гэж ярьсан байна.
“Манай орны аюулгүй байдал бол миний энд зогсож байгаагийн нэг шалтгаан” гээд “Тиймээс бид улс орныхоо аюулгүй байдлын төлөө маш хурдтай арга хэмжээ авна. Та бүхэн ирэх долоо хоногт үүнийг харах болно” гэж Трамп мэдэгджээ.
Цагаан ордноос мэдээлж байгаагаар Трампын баг өмнөх алдаанаасаа суралцаж, хуулийнханд ойлгогдох үг хэллэгтэй шийдвэр гаргахаар бэлдэж байгаа гэжээ. Ерөнхийлөгчийн өмнөх шийдвэр хүмүүсийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхсан агуулгатай гэсэн үндэслэлээр шүүхийн хаалга татах болсон. Харин Трамп үүнийг тайлбарлахдаа “Энэ бол шашны тухай асуудал биш. Энэ бол терроризм, улс орныг аюулаас хамгаалах тухай юм. Дэлхий дээр муслим хүн ам голлодог 40 гаруй улс бий. Тэднийг бүгдийг хориглоогүй” гэж байв.
Air Force One онгоцноос хийсэн мэдэгдэлдээ тэр “цоо шинэ хориг”-ийг даваа, эсвэл мягмар гаригт гаргана гэсэн байна. Одоогоор шинэ хоригт ямар асуудлыг тусгах, өмнөхөөс ямар ялгаатай байх нь тодорхойгүй байна. Дональд Трамп хуучин хоригоос “бага зэрэг өөрчлөгдөнө” гэдгээс өөр нарийвчилсан мэдээлэл өгөөгүй юм.
Цагаачлалын шинэ хориг гаргахаар хэлэлцэж буй хэдий ч Трампын засаг захиргаа шүүхээс царцаасан өмнөх хоригийн асуудлаар давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. Дональд Трамп “Бид энэ тэмцэлд ялах болно” хэмээгээд, “Харамсалтай нь цаг хугацаа дэмий үрж байна. Гэхдээ цоо шинэ хориг батлах зэргээр бидэнд өөр олон хувилбар бий” гэжээ.
Трампын “цагаачлалын хориг” гэгдээд буй шийдвэр одоогоор царцмал байдал байгаа. Нэгэнт шүүхээс ерөнхийлөгчийн шийдвэрт хориг тавьсан тул АНУ-д нэвтрэх виз бүхий дээр дурдсан долоон орны иргэд, мөн Сирийн дүрвэгсэд АНУ-ын хилээр нэвтрэх эрх нь нээлттэй хэвээр байгаа юм.Харин АНУ-ын нэг жилд хүлээн авах дүрвэгсдийн тоог 50 мянга болгож бууруулсан Дональд Трампын шийдвэр хүчин төгөлдөр ажээ.