Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын намрын хаалтын чуулганы үеэр байр сууриа илэрхийлэхдээ хэлсэн үг УИХ-ын ихэнх гишүүд, ялангуяа Ц.Нямдорж гишүүнийг ширүүхэн эсэргүүцэх, олны шуугиантай үгийг тасалдуулахад хүрч байв. Яахав олны олон хүнээ барихгүй гэхчлэн Ерөнхийлөгч хэлэх үгээ үргэлжлүүлж байсан.
Тэрбээр.-“...Дөрвөн заалттай тогтоол гаргалаа. Хэрэгжүүлэх гэж оролдлоо. Хэрэгжүүлж чадсангүй. Тэгэхээр Засгийн газартайгаа хариуцлага тооц. Нууц биш шүү дээ. Би Хуульзүйн сайд болно, Сангийн сайд болно гэж дотроо мөрөөдөөд, яриад явж байгаа хүмүүс бий. Эрдэнэтийн 49 хувиар дамжиж Засгийн газрынхаа дээр суух гэсэн алхмыг хийж байна. Ингэж л эрх баригчид балардаг. Ингэж л 65 суудалтай нь 15 суудалтай болдог. Ингэж л Засгийн эрх барьж байгаа хүмүүс сөрөг хүчин болдог. Энэ улстөрд олон жил явсны үр дүнд энийг харж байна. Ийм л шалтгаан байгаа. Түүнээс биш айхавтар шударга ёс тогтоох гэж ингэж хэлж байгаа биш...” гэж хэлснээр дийлэнх гишүүдийн дургүйцлийг хүргэж шуугиан тарьж орхисон.