АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Бүх Хятадын дарга Ши ЖиньПин рүү захидал илгээжээ."Цагаан ордон"-оос мэдээлж буйгаар Доналд Трампын тангараг өргөх ёслолын дараа баярын бичгийг хүргүүлэн өгсөн байдаг. Хэвлэлийн албаны төлөөлөгч Шон Спайсерийн хэлж буйгаар "Хятадын ард түмэнд баяр хүргэж, хоёр орны харилцаа өргөжин, тэлж сайжиран гэдэгт итгэлтэй байна" хэмээн бичсэн гэж захианы агуулгыг дурдаж өнгөрүүлэв.
Одоогийн байдлаар хоёр орны удирдагч утсаар ярилцаагүй байгаа бөгөөд Трамп зарим талаараа Хятадын бодлогыг эсэргүүцдэг ч түүний охин Иванка болон зээ охин Арабелла нар Вашингтон хот дахь Хятадын элчин сайдын яамын газрын шинэ жилийн баярт ирж, байдлыг эерэг болгосон гэж хэлж болно.
Доналд Трампыг сонгогдсон цагаас эхлэн АНУ Хятад, Тайвань улстай Өмнөд Хятадын тэнгис, вальют, гадаад худалдааны бодлого зэрэгт маргаантай байгаа бөгөөд дээрхи асуудалтай холбоотойгоор Тайваньтай сайн харилцаа тогтоосон явдал Хятадын уур бухимдалыг төрүүлээд байсан билээ. Тэгвэл өчигдөр хоёр орны хамтын ажиллагаа дээсэн дөрөө дээр байсан ч байдлыг эерэгээр эргүүлэн Доналд Трамп Бүх хятадын даргатай утсаар ярьлаа.
Урьдчилан таамаглаагүй байсан утасны дуудлагыг өчигдөр өглөө Дональд Трамп хийж БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гэнэтийн бэлэг барьжээ. Трамп утасны дуудлагын үеэр “нэг Хятад” бодлогын ач холбогдлыг ойлгож байгаагаа илэрхийлж,түүний засаг захиргаа тус зарчмыг хүндэтгэнэ гэж Хятадын төрийн тэргүүнд амласан тухай орон нутгийн томоохон телевиз CCTV мэдээлжээ.
Хоёр удирдагчийн утасны ярианы тухай Цагаан ордон мэдээлэхдээ “тэд хэд хэдэн асуудлаар ярилцсаны дотор Ши Жиньпиний ‘нэг Хятад’ бодлогыг хүндэтгэх хүсэлтэд Дональд Трамп зөвшөөрсөн хариу өгсөн” гэжээ. “Нэг Хятад” бодлого буюу Тайванийг эх газрын Хятадын нэг хэсэг гэж үздэг зарчим нь 1970-аад оны үеэс Хятад-Америкийн харилцааны гол суурь болж байсан юм.
Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш анх удаа болсон энэхүү яриа нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үүсээд байсан хоёр орны харилцаан дахь эргэлзээг арилгах чухал алхам болсон байна.Цагаан ордны мэдэгдэлд энэхүү утасны яриаг “маш их найрсаг” уур амьсгалтай болсныг онцлоод Трамп, Ши нар харилцан бие биеэ өөр өөрийн улс оронд урьсан гэжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Трамп Тайваний ерөнхийлөгчийн баяр хүргэсэн утасны дуудлагыг хүлээж авсны дараа Хятад-Америкийн харилцаанд хүндрэл гарсан юм. Учир нь Трамп АНУ-ын ерөнхийлөгч нарын олон арван жил мөрдөж ирсэн дипломат ёсыг зөрчсөн тохиолдол байлаа.Өнөөдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзах гэж байгаа Дональд Трамп үүнээсээ өмнө Хятадын төрийн тэргүүнтэй холбогдож харилцааг бүр хүнд байдалд орохоос сэргийлсэн болов уу гэж ажиглагчид дүгнэж байна.
Шинзо Абэ Трампыг сонгуульд ялсны дараа дэлхийн улс орнуудын удирдагч нараас хамгийн түрүүнд биечлэн уулзсан бөгөөд өнөөдөр болох уулзалт нь тэдний хоёр дахь удаагийн уулзалт болж байгаа юм.
chuhal.mn
Эх сурвалж: South China Morning Post, Business Insider, BBC