Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр БНХАУ-ын иргэдийг визгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг дэмжсэн илтгэл тавьж олны бухимдлыг түрүүлсэн. Мөн үүнээс гадна Төрийн ордонд архидан согтуурсан гэх цахим ертөнцөд нэлээд шуугиан дэгдээсэн зургийнхаа талаар тайлбар хийж мэдээлэл хийлээ.
Тэрбээр уг шуугиан тарьсан зурагны талаар хэлэхдээ “Би тэр зургийг гаргаж тавихад их гайхаж байсан. Тэр өрөө Төрийн ордны өрөө ч биш. Яамны албан өрөө ч биш. Би сонгуулийн өмнө охиныхоо сургууль дээр амралтынхаа цагаар очсон үеийн зураг байсан. Согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Манай охины ажлын өрөө буюу миний байгуулсан сургуульд байсан. Битгий зураг дар гээд гараараа хаасан байсныг харсан байх. Би ядарсан үедээ гитар тоглодог. Тоглох ч дуртай. Тэгээд ч би архи ууж чаддаггүй. Миний бие ч хүлээж авч чаддаггүй юм. Би худлаа ярих дургүй. Үзэн яддаг. Тэр зургийг тараасан хүнийг би мэднэ. Ер нь хүн чанарын хэлтэрхий гэж байна уу даа гэж бодоход хүргэж байна"хэмээн тайлбарласан юм.
Мөн БНХАУ-ын иргэдийг визгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлэх асуудлын талаар хэлэхдээ “Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд би жуулчдын тоог нэмэх талаар ярьсан. Энэ нь эдийн засгийн хүнд байдлаас гарах гарц юм. Цаашдаа бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд яамнаас тодорхой бодлого чиглэл баримталж байгаа. Уулын толгой бүхнээ ухаад байвал ирээдүйд уух усгүй болох вий дээ. Монгол орныг зорин ирж байгаа хүмүүс үзэж харах зүйл бага байна гэх шүүмжлэл байдаг. Бид нэгдүгээрт, Улаанбаатарыг аялал жуулчлалын үүд болгох. Хоёрдугаарт, Хөвсгөл орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх. Илүү чанга стандарт тавьж, түүнийг хангасан ААН-ийн үйл ажиллагааг дэмжье гэдэг чиглэл барьж байна. Гуравдугаарт, Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна. Эдгээр асуудлыг төр засгаар дэмжүүлж, шийдвэрлүүлэхийн төлөө бид ажиллаж байна” гэв.