УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Хуулийн төслөөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт бус эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан юм. Ингэхдээ эрүүлжүүлэхэд орсон этгээдэд эмч хяналт тавих зохицуулалтыг мөн тусгаад байгаа аж. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тайлбарласнаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эрүүлжүүлэхийн тулд номхотгох цамц өмсгөн өлгийдөх юм байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийнхан гав, бороохой хэрэглэхээс илүү номхотгох цамц хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж үзэж буй аж.
Анхны хэлэлцүүлгийг ийн хэлэлцэж дууслаа. Ингэснээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж байна.