Манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд иргэд болон УИХ-ын гишүүд хувиасаа хандив өргөөд байна. Анх Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав мэдээлэл хийж хувиасаа 10 сая төгрөг, мөн 10 адуу, аав ээжээс өвлөж ирсэн алтан бөгжөө улсдаа хандивласан. Харин өчигдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа улсад 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлээс улс орноо гаргахын тулд хувь нэмрээ оруулж ийнхүү хандив өгөхөөр болсон байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бусад гишүүдээ эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө хандив өргөхийг уриалсан. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы энэхүү мэдэгдэлийн дараагаар “Моннис” группийн захирал 100 сая төгрөг, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам.доллар хандивлахаа мэдэгдээд байна.
Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна.
Харин энэхүү аяныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эсэргүүцсэн байна. Тэрээр өчигдөр гавьяат эдийн засагч Б.Осоргаравтай уулзах үеэрээ “Манай өвөг дээдэс “Нэр хугарахаар яс хугар” гэж сургаж ирсэн. Бидэнд эх орон хамгийн үнэ цэнэтэй. Энэ үүднээс би нэг удаагийн уулзалт дээр “Эдийн засгийн хямралыг эрсдэлгүй давах, эх орныхоо нэр хүндийг муугаар дуудуулахгүйн тулд шаардлагатай бол би ард түмэндээ ичихгүйгээр хандана” гэж хэлсэн удаатай. Гэхдээ өнөөдөртөө тийм байдал үүсээгүй байна. Монгол Улс авсан өрөө цаг хугацаанд нь бүрэн төлнө, эдийн засгийн хямралаа ч давж чадна. УИХ, Засгийн газар, холбогдох албаныхан ажиллаж байна” хэмээн хэлсэн байна.