Ардчилсан намын даргаар сонгогдоод буй С.Эрдэнийг санал хураалтын өдөр гишүүдэд мөнгө тараасан гэх бичлэг ил болсон. Уг бичлэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл анх олон нийтэд ил болгосон юм. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тайлбар хийжээ.
Тэрбээр "Мөнгө тараасан мэдээллийг би цацсан нь үнэн. Харин энэ бичлэг дотор орсон үйл явдлыг мэдээж зохион байгуулаагүй. Тэр бичлэг доторх мөнгө төгрөг тарааж байгаа хүнийг би танихгүй. Тэрийг зохион байгуулах ямар ч боломжгүй. Би энэ бичлэгээс “Манай нам дотор ийм юм байна” гэдгийг л харсан. Би Л.Гантөмөрийг дэмжсэн. Л.Гантөмөрийн штабаас энэ баримтыг сонгуулийн байгууллагад явуулаад, нэр дэвшигчийн асуудлыг тавьсан. Гэхдээ энэ асуудал шийдэгдээгүй. Яагаад шийдэгдээгүйн учрыг би дараа нь ойлгосон. Саяын марафон түр журмаар зохион байгуулагдаж байгаа. З.Энхболд даргын тушаалаар баталсан ажлын хэсэг журмыг гаргасан. Сонгууль зохион байгуулсан хүмүүсийн баталсан журмаар энэ сонгуулийг явууллаа. Мөнгө төгрөг, бэлэг тараах, санал худалдаж авахыг санкцгүй орхисон юм билээ. Өөрөөр хэлбэл мөнгө тараахад нэр татахгүйгээр дүрэм хийсэн. Штабаас Сонгуулийн хороонд явуулсан шаардлага шийдэгдэхгүй үлдэж байгаа. Яг ийм нөхцөлд энэ асуудал хууль хяналтын байгууллага руу явах уу , яагаад АН ийм асуудал дээр ямар ч санкцгүй болчихов гэдэг асуудал гарч байна. Өнөөдрийн Монголд мөрдөгдөж байгаа хуулиар энэ асуудал намын дотоод асуудал хэвээр үлдэх юм билээ. Намын дотоод асуудлыг намын дүрмээр шийднэ гэхээр намын дүрэмд нэр татна гэдэг үг байхгүй. Нэр татах үндэслэл байхгүй. Хэзээ энэ асуудал хууль шүүхийн асуудал болно гэхээр бичлэг хийсэн гэрчид халдах, дарамтлах аливаа оролдлого гарвал Гэрчийг хамгаалах хууль үйлчилж эхэлнэ. Ийм тохиолдолд хууль шүүхийн байгууллагад хандах эрх үүсэх юм билээ. Бичлэг хийсэн эмэгтэйн нэрийг зарлаад, түүнд ямар нэг дарамт шахалт үзүүлээд, хавчаад эхэлбэл гэрчийг хамгаалах алхмуудыг хийнэ" гэв.
Т.Энхэлээ