УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийв.
Тэрбээр "УИХ аль нэг асуудалд шууд шийдвэр гаргах эрх байхгүй. Тийм учраас бид “Эрдэнэт”-ийн 49 хувьд ямар нэг гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа гэж үзвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Мөн “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудал яригдахгүй байгаа. Арбитрийн шүүхийн шийдвэр гарсан байгаа гэсэн мэдээлэл ирээд байна. “Эрдэнэт”-д ил далд бизнесийн шахаа хийгддэг гэдэг. Тиймээс өнөөдөр энэ талаар шалгах шаардлагатай гэж үзэж байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувь, 51 хувийг иж бүрнээр нь шалгах ажлын хэсэг гаргах саналыг УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс үзэж байна. Өнөөдөр Цагдаагийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Нэн ялангуяа иргэдийн халдашгүй байдалд ямар өөрчлөлт орох, цагдаагийн албан хаагчдын эрх зүйн байдалд ямар өөрчлөлт орох талаар бүлгийн хуралдаанаар мэдээлэл сонслоо. Ингээд Цагдаагийн албан хаагчдын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр сууринд хүрлээ. Дотоодын цэргийн тухай хуулиар мөн тайлбар авлаа. Хугацаат цэргийн албан хааж байгаа 18 нас хүрсэн залуус жагсаалт цуглааныг хамгаалахад төлөвшөөгүй байдаг. Энэ асуудал яаж хандаж байгааг хууль санаачлагач нараас тодруулсан. Дотоодын цэргийг мэргэшсэн офицер ахлагч нараар бүрдүүлнэ гэдэг тайлбар өгсөн. Тиймээс бид энэ асуудлыг эргэн харж, хууль санаачлагачтай хамтарч ажиллан, Үндсэн хууль болон холбогдох хуулийг зөрчөөгүй хэмжээнд хэлэлцэхээр болсон" хэмээн мэдээлэв.
УИХ дахь бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Та “Эрдэнэт”-ийн 49 хувьд ямар байр сууртай байна вэ?
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын талд ирснийг дэмжиж байгаа. УИХ тодорхой ажлын хэсэг гаргаад дүгнэлт гаргасан бол хууль цагдаагийн байгууллагаар шалгуулж, эцэслэн тогтоох ёстой. 49 хувийг салгаж яриад, 51 хувийг мартаад байж болохгүй. 51 хувь илүү эрсдэлд ороод байна.
Т.Энхэлээ