Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг санал хураалтын үеэр мөнгө тараасан гэх мэдээлэл байгаа. Энэ талаарх баримтыг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, М.Батчимэг нар анх олон нийтэд ил болгосон. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлж ялагдал хүлээгээд буй Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Ж.Батзандан нар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөлгүй сонгууль зохион байгуулагчдад гомдол мэдүүлээд байгаа юм. Тэд С.Эрдэнийг мөнгө тараасан, хүмүүсийг зөөсөн гэх үндэслэлээр эргүүлэн татахыг хүссэн.
Тэгвэл энэ талаар АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатараас тодрууллаа. Тэрбээр энэ талаар "Мөнгө тараах юм уу санал хуралдаж авах үйл ажиллагаанууд манай сонгуулийн дүрмээр хориотой. Хэрвээ тэр үйл ажиллагаа батлагдах юм бол хариуцлага тооцогдох асуудал дүрэмд байгаа. Үнэхээр тэр асуудал нь баримтжуулаад, ноцтой нөлөөлөхүйц хэмжээнд үйл ажиллагаа явагдсан байх юм бол нэрийг нь татах хүртэл асуудал байж болно гэж дүрэмд байгаа" гэлээ.
Тэгэхээр С.Эрдэнийн мөнгө тараасан нь баримтаар нотлогдвол түүнийг эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авах нь.
Т.Энхэлээ