АН-ын даргын сонгуулийн сунгаа 40 хоног үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд “26 жил болж буй намд асуудал байгаа, шинэчлэл байнга явагдаж байгаа. Бид нэгдүгээр сарын 29-нд томоохон шинэчлэлийнхээ ард гарна. Үүгээр шинэчлэл дуусахгүй. 180 мянган гишүүнээсээ сонгогддог, тэдэндээ тайлангаа тавьдаг, хариуцлагатай АН Монгол Улсаа өөрчилж чадна. Өнөөдрийн тулгамдсан болон ирээдүйд гарч болох олон асуудлыг хүчтэй, гишүүдээсээ хамаардаг нам шийднэ. Шинэ даргаа бүгдээрээ дэмжиж, улам их амжилтад хүрэх ёстой. Энэ амжилтын нэг нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль байна. Дараагийнх нь 2020 оны сонгуулиад. Энэ бүхнийхээ ард аятайхан гарцгаая. Хэрүүл байдаг бол дотроо шийдэцгээе, битгий гадагшаа гаргацгаа. Би айж байсан. Нэр дэвшигчдээ таван тийшээ бутраад явчих вий гэж. Тэгээгүй, нэгтгээд ирсэнд баярлалаа” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.
Харин нэр дэвшигч Н.Алтанхуяг “АН үргэлж анхдагч, шинэчлэгч байснаа нотлон харуулж, Монголын нийгэмд бас нэг шинэ соёлын үрийг тарилаа. Нэгдүгээр сарын 29-ны өдөр бол Монголын түүхэнд тэмдэглэгдэх шинэ эргэлтийн өдөр байх болно. Шударга ёоор цангасан, том хуйвалдааныг жигшсэн ард түмний ялалтын эхний өдөр байх ёстой. Нам дамнасан бүлэглэлийн дарангуйлагч, Энхболд нарын банк санхүү, хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллага дахь хуйвалдааны бүлэглэлээ ашиглаж, улаан цайм увайгүйгээр хийсэн тэдний үйлдэл үнэнд гүйцэгдэж байна. Тиймээс нэгдүгээр сарын 29 шинэ итгэл найдварын өдөр байх ёстой” гэв.
Нэр дэвшигч Д.Эрдэнэбат “Манай намын мянга, мянган гишүүд энэ намыг сэргээсэй гэж хүсч байна. АН шинэчлэгдье гэвэл эхлээд эвлэлдэж, итгэлцэх хэрэгтэй. Итгэлцэл, эвлэлцэл байхгүй бол АН-ын шинэчлэл байхгүй. Ардчиллын үнэлэмжийг бууруулах үйл явц маш их идэвхжсэн. АН-ын алсын хараа үүн рүү чиглэх ёстой. Үүнийг хийхийн тулд тулхтай, нэгдсэн бодлоготой, ард түмний итгэлийг хүлээсэн нам болох ёстой” хэмээн хэлэв.
Харин нэр дэвшигч С.Эрдэнэ “АН фракцигүй нам болъё гэвэл Алтангадас гэх аалзны тороос салах ёстой. Энэ торыг задлахын төлөө тэмцэх ёстой. Нэгдүгээр сарын 29 бол АН фракцигүй, Алтангадасгүй өдөр болно” гэдгийг тодотгож байв.
Ийн Монгол орныг 40 хоногт тойрон, намынхаа шинэчлэлийг гишүүд дэмжигчдэдээ хүргэсэн нэр дэвшигчид дөрөө мулталлаа. Тэдний хэн нь АН-ыг удирдах нь энэ сарын 29-ны өдөр тодорхой болно.
Т.Энхэлээ