Ардчилсан намын гишүүд, дэмжигчид өнөөдөр 12.00 цагт төв намынхаа байрны гадаа жагсаал хийхээр болсон байна. Ирэх ням гариг буюу нэгдүгээр сарын 29-нд болох намын даргыг сонгох сонгуульд саналаа өгөх эрхгүй болсон гишүүд ийнхүү эсэргүйцлээ илэрхийлэн жагсаал хийх аж.
Ардчилсан намын дарга З.Энхболд нэгдүгээр сарын 24-нд тушаал гаргаж, нэгдүгээр сарын 6-нд Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт шинэчилсэн бүртгэлээ хийлгэсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Үндэслэлдээ анхан шатны намын байгууллагадаа бүртгүүлээгүй нь намын дүрмийг зөрчсөн үйлдэл хэмээн үзсэн юм.