Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг МАН-ынхан өөрсдөдөө ашигтайгаар хүч түрэн батлах нь хэмээн нилээн бухимдангуй ярих болсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед МАХН-аас гарч магадгүй гэх үгийг хэд, хэдэн удаа хэлээд авав.
Тэрбээр хэд хоногийн өмнө "Би АН-ын бүлэгт элсэнэ" хэмээн жиргэсэн байсан. Тэгвэл энэ удаа "Хатуухан хэлэхэд би наамаа солих уу гэдэг дээр тулна. Намууд ямар хүнийг нэр дэвшүүлэх нь тэдний эрх. Би "МАХН заавал хүн дэвшүүлэх ёстой" гэдэг хатуу байр суурьтай байгаа. Н.Энхбаяр дарга дэвшвэл сайн. Би Н.Энхбаяр даргыг битгий дэвш гэж гэж байгаа юм биш. Гэхдээ хуулийн гарц, боломж, улстөрчдийн дарамт, шахалтаас болоод дэвшүүлэхгүй боллоо гэвэл өөрийнхөө оронд өөр хүнийг дэвшүүлэх ёстой. Ард түмэн манай намыг суудалтай болгож өгсөн болохоор тэдний өмнө хариуцлага хүлээгээд сууж байгаа. Биднийг суудалтай болгож өгөөч гэж сонгуульд орчихоод суудалтай болоод "Бид больё" гэж болохгүй. Манай намд гурван боломж бий. Нэгдүгээрт, АН юм уу МАН-тай хамтраад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болно. Ил тод ард түмэнд үүнийгээ хэлэх хэрэгтэй. Эсвэл дангаараа хүнээ дэвшүүлж болно л доо. Эс бөгөөс суудалгүй намуудыг цуглуулж байгаад дундаасаа нэр дэвшүүлэх хэрэгтэй. Трамп, Путин шиг хэнийг ч байж болно. Харин ямар ч алхам хийхгүй бол улс төрийн нам гэдэг байр сууриа алдаж байгаа хэрэг. Хэрэв ингэж боломжоо ашиглахгүй гэвэл би улс төрийн өөр сонголт хийх магадлал үүснэ" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. .
Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль нь МАХН-ыг болоод бусад жижиг намыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг хаасан гэж тэрбээр хэлж байгаа. Мөн сүүлийн үед МАН-ынхан чуулганы хуралдаан болон бусад хурал дээр өөр рүү нь дайрч, доромжлох нь ихэссэн цаашлаад МАХН-ынхан өөрийг нь өмөөрч, хамгаалж дуугарахгүй байгаа хэмээн үзэж байгаа учраас ийнхүү намаа солих талаар ярьж эхэлсэн бололтой.
Т.Энхэлээ