8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бямбацогт: Таван бүстэй байна гэж одоохондоо ярьж байна

2015-12-22 14:56:00

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж байна. Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт Ардчилсан намын бүлгээс тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ дахь МАН-ын бүлгээс тус бүлгийн дарга С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, ИЗНН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн С.Оюун, бие даагчдыг төлөөлж Х.Болорчулуун гишүүн нар ажиллаж байгаа аж. Сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах болон саналын хуудсыг тоолох аргачлал зэрэг дээр намууд зөрүүтэй байр, сууриа нэгтгэх эсэх нь өнөөдөр тодорхой болно. Одоогоор  намууд ямар байр суурьтай байгаа талаар МАН-ын  бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.

-Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж байна. Танай намын зүгээс ямар санал тавьж байгаа бэ?

-Ойрын үед батлагдах байх. Оноос өмнө сонгуулийн хуулийг батлах хугацаатай учраас хуулийн хугацаандаа батлагдах байх гэж найдаж байна. Зөвхөн манай намын зүгээс биш парламентад суудалтай болон суудалгүй 20-иод намаас тавьж байгаа шаардлага байгаа. Хар машинаар тоолчоод хяналтын тооллого гараар хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иргэдийн ч гэсэн эргэлзээг тайлах ёстой гэж үзэж байгаа.

-Мөн бүсчлэх асуудал яригдаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бүсчлэхийн хувьд 5 бүстэй байна гэж одоохондоо ярьж байна. 28 бол бүсдээ хуваагдах байх. Ажлын хэсэг хуралдаж байгаа учраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.

Мөн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А. Бакейгаас энэ талаар  тодруулахад “Одоо бол ажлын хэсэг санал хураагаад явж байна. Санал хураалт хараахан дуусаагүй байна. Дууссаны дараагаар байнгын хороо хуралдаж байж энэ асуудлыг ярина. Яарах хэрэггүй. Гол гол асуудлууд дээр санал хураалт явагдаж байна. Санал тоолох төхөөрөмжийн техникийн хяналтын тооллогыг бол хэсгийн хороодын 50 хувь дээр тоолох боломжтой гэж үзэж байгаа” гэсэн хариултыг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment