УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр кофе ууж, боов идэж байгаа бичлэг цацагдсан. Уг бичлэгийг үзсэн хүмүүс түүнийг ихээхэн шүүмжилж байгаа юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эмэгтэй гишүүд маш хариуцлагатай, шударга ажиллаж байгаа. Хариуцлагын асуудлыг ярьж, асуудалд хяналт тавьж, хуралдаа маш идэвхтэй сууж байна. Хор найруулахад оролцохгүй байна. Гэтэл эмэгтэй гишүүдийн хэлж, хийж байгаа үйлдэлд анхаарал тавихгүйгээр тэднээс өө хайж байна. Ганц удаа кофе ууж байгаа бичлэгийг маань төлбөртэйгээр цацаж байна. Ганц би ч биш манай эмэгтэй гишүүдийг онилсон ажил явагдаад байна. Гэтэл сөрөг хүчнээс УИХ-д суусан эмэгтэй гишүүн хуралдаа суухгүй байхад зүгээр байгаа. Энэ нийгэмд эмэгтэйчүүдийн орон зайг хумих ажиллагааг явуулж байна. Чуулганы хуралдаан дээр бүх гишүүд кофе авч орж ирээд уудаг. Үнэхээр цайгаа уух завгүй хуралдаж байна шүү дээ. Чуулганы завсраар гарч цайгаа ууж чадахгүй байгаа. Гарсан хойгуур буруу, зөрүү асуудал ярьчих вий гэж болгоомжилж байгаа. Гэтэл ганц шоколад хуваагаад идсэний төлөө элдэв янзаар доромжилж байна. Дэндүү хянуур байх ёстой юм байна, биеэ барих ёстой юм байна. Камерын өмнө соёлтой царайлж байгаад өнгөрөнгүүт нь цайгаа уух ёстой юм байна гэдгийг ойлголоо. Хүн байгаагаараа байх ёстой. Харин архи ууж, тамхи татаж хурлаа тасдаж байгаа хүмүүстэй үүн шиг ийм хатуу дурангаар ажиллаасай"
Т.Энхэлээ