Сонгууль ойртож, улс төрийн намууд, УИХ-ын гишүүд ард түмэндээ хайр зарлаад жигтэйхэн. Тэрбумаар нь иддэг хэрнээ тал шуудай нүүрс, таван нэгж өгч, ихийг бүтээсэнээ гайхуулж, ирэх жил намайг дахин сонгоорой гэж нэг доль хаяна. Хөөрхий муу ард түмнийгээ хөөрхөн гэгч нь найрчихна гээд бедон, нүүрс, нэгж гэх мэт жижиглэнгийн бараа тараасан шиг суугаа тэдний араас олон хүн хөврөх нь байна шүү. Зарим нэг нь нутаг очоод тэрүүхэн тэндээ 25 кг-ийн гурилыг хоёр хуваагаад хожмын өдөр саналаа бидэнд өгөөрэй гээд явж байгааг харахад үнэхээр эгдүү хүрэм гээч...
За тэр ч яахав. Сонгуулийн дуу ойртох тусам улс төрийнхөн бужигнаж, нам намаараа талцах үзэгдэл хурцадмал шинжрүүгээ орж эхэлж байна. Танай нам ийм, манай ийм гээд л хийсэн бүтээсэн гэх жаахан ажлаа булаацалдах нь эгээтээ л тоглоомоо харамлалдах балчир үрс гэлтэй. Ийнхүү нам намаараа талцаж байх хооронд “айлын хүүхдүүд” улс төрийн гаргалгаагаа олж, айхтар төлөвлөгөө боловсруулсан байна.
Манай улс төр нийгмийн хүрээнд ах нь МАН-ынх байвал дүү нь МАН-ынх нь байх ёстой гэдэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Тиймдээ ч эхнэр нь АН, нөхөр нь МАН-д, дүү нь АН-д эгч нь МАН-д албан тушаал хашдаг эрхэмүүдийг тийм ч таатай хүлээж авдаггүй. Гэвч үнэн хэрэг дээрээ энэ бол зөв тактик гэдгийг өнөөгийн албан тушаалтануудын нэгээхэн хэсэг нь харуулсаар байгаа. Тэгвэл нэг айлын гурван хүү өнөөгийн улс төрд хүчин зүтгэж буй гурван намд нэг нэгээрээ элсч, ирэх сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй дүр зураг үзэгдээд явчихлаа.
Монгол Улсын Манлай заан Донровын Долгорсүрэн зааны хүү Монгол Улсын аварга Д.Сумъябазар өнгөрсөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон билээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын даргын албан тушаалтай.
Гэвч дүү болох Д.Дагвадорж нь яг сонгуулийн үеэр Ардчилсан намд элссэн олон хүний гайхширлыг төрүүлсэн. Зарим нэг нь ахдаа тус дэм болж МАН-д элсэхийн оронд өрсөлдөгчийг нь сонголоо хэмээн зэмлэсэн. Мэдээж түүнд ах шигээ улс төрд орох сонирхол лавтайяа байдаг биз. Тэгвэл Долгорсүрэн зааны дунд хүү Д.Сэржбүдээ мөн л улс төрд орохоор санаархаж, өөрийн сонголтоо хийжээ. Тэрбээр сүүлийн үед утаагүй зуухны төсөл хэрэгжүүлээд байгаа.
Уг төслийнхөө хүрээнд бүх дүүргийн иргэдэд утаагүй зуухаа тарааж, өдрөөс өдөрт утаа нь ихэсдэг Улаанбаатар хотод тун ч их хэрэгтэй ажил боллоо хэмээн ам сайтай байх болсон. Гэтэл энэ ажил нь улс төрийн тодорхой зорилго агуулжээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр ирэх сонгуульд МАХН-аас дэвшихээр болсон гэнэ. Бүр батлахаа ч авчээ. Харин хотод нэр дэвших үү, хөдөө нэр дэвших үү гэдгээ хараахан шийдээгүй бололтой. Ямартай ч Долгорсүрэн зааны гурван хүү ийнхүү улс төрийн гурван өөр хүчний гишүүнээр элсч, ямар ч Засгийн үед ар гэрийн бизнес, алдар нэрийн баталгаа нь газар шүргэхээргүй болж байна.