МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр шөнө дөл болтол хуралдаж хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.Нэгдүгээрт нь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ба дэд сайдын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Хоёрдугаарт нь, ирэх дөрвөн жил МАН ямар бүтэцтэй явах, хэдэн нарийн бичиг, хэдэн хэлтэстэй ажиллах вэ гэдэг дотоод бүтцийн асуудлаа ярилцсан гэнэ.
Үүнээс хамгийн сонирхол татаж байгаа асуудал бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ба дэд сайдын томилгоо. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа бөгөөд түүний оронд хэнийг томилох нь МАН-ынханы дунд томоохон асуудлыг дэгдээгээд байгаа юм. Хэрвээ Ц.Дашдорж ажлаа хүлээлгэн өгвөл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь сайд болон дэд сайдгүй болно. Тэгэхээр энэ яамыг даруйхан эзэнтэй болгох шаардлагатай учраас уг асуудлыг Удирдах зөвлөлөөрөө хэлэлцсэн нь энэ аж. Ц.Дашдоржийг эрүүл, мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа гэх мэдээлэл байгаа ч эрүүл мэнд бус арай өөр шалтгаантай гэнэ. Тодруулбал, Ц.Дашдорж намынхандаа "гологдож" улмаар нам доторх зодоон үүссэнтэй холбоотой байх магадлал өндөр гэх мэдээлэл байгаа юм.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Тиймээс түүний орны хүнийг мөн томилох шаардлага гараад буй.
Тэгвэл Х.Бадамсүрэнгийн оронд МАН-ын гурван гишүүн өрсөлдсөнөөс МАН-ын даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Загджав ялалт байгуулах магадлал өндөр байгаа гэх мэдээлэл байсан. Тэгвэл Д.Загджавын нэр дэд сайд бус сайд болохоор яригдаж байгаа аж. Эхэндээ УИХ-ын гишүүд Д.Загджавыг дэд сайдад, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүг сайдаар томилох тухай асуудлыг оруулсан боловч Н.Төмөрхүүг нөлөө багатай, тиймээс тохиромжгүй гэж үзсэн бололтой. Ямартай ч Д.Загджавыг дэмжих хандлага түлхүү гарч байгаа гэнэ. Тэгэхээр МАН-ынхан Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад зүтгүүлж магадгүй байна. Харин дэд сайдад хэний нэр яригдаж байгаа нь одоогоор тодорхой бус байна.
Ямартай ч МАН-ынхан уг асуудлыг нилээн нууцалж буй аж. Гэхдээ Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээ удахгүй олон нийтэд мэдээлэх биз. Тэндээс чухам хэн нь сайд, дэд сайд болсон эсэх мэдээлэл ил болно. Ямартай ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалын томилгоо удахгүй Засгийн газарт хийгдэх нь. Тодруулбал, яамны хоёр ч сайдыг зэрэг томилох магадлал өндөр байна.
Т.Энхэлээ