Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өрийн үлдэгдэл 80 сая ам.доллар байна. Өнгөрсөн хугацаанд Зүүн Цанхиас олборлосон нүүрснийхээ 65 хувийг олборлогч “TTVJ CO” компанийн ажлын хөлсөнд, 35 хувийг “Чалко” компанийн өрөнд өгч байв.
Манай улс энэ оны нэгдүгээр улиралд багтаан зүүн Цанхийн уурхайн нүүрсээ 59.3 ам.доллараар худалдахаар болсон билээ. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс нүүрсний үнэ тогтоох дөрвөн индексийн хувь хэмжээний өөрчлөлтийн дагуу уурхайн аман дээрээс тонныг нь 59.3 ам.доллараар борлуулах боломжтой болсноо мэдэгдсэн. Өмнө нь манай улс нүүрсний үнээ 30 ам.доллараас хэтрүүлж чадахгүй байсан нь "Чалко"-гоос авсан зээлтэй холбоотой юм.