Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, зөвшөөрөл олгох, ажлыйн байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоол баталжээ. Уг тогтоллоорооо “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 710, “Монголын алт” ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас дараахь тодруулгыг авлаа.
-Таныг Засгийн газраар эрх ашгийн зөрчилтэй тогтоол батлууллаа гэсэн шүүмжлэл гарсан. Та энэхүү тогтоолын талаар ямар тайлбар хэлэх вэ?
-Импортыг орлох үндэсний томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуулиар татвараас чөлөөлдөг зохицуулалттай. Энэ жил энэхүү татварын хөнгөлөлтөд 22 компани хамрагдаж байгаа. Түүнээс биш би өөртөө давуу байдал үүсгэж хөнгөлөлт эдэлсэн асуудал байхгүй. Өмнө нь С.Чинзориг, Я.Санжмятав сайдын үед ч гардаг байсан тогтоол. Импортыг орлох томоохон бүтээн байгуулалтуудыг төр, засгийн зүгээс дэмжих энэ тогтоолыг баталдаг. Тухайн үйлдвэрүүд нь ашиглалтад орсноор ажлын байр нэмэгддэг, татвар төлдөг. Надтай холбоод байгаа аж ахуйн нэгж чинь жилд 130 орчим орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг байгууллага шүү дээ.
-Та сая 22 аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлж байгаа гэлээ. Тогтоол дээрээ хоёрхон аж ахуйн нэгжийн нэр байгаа нь хардлага төрүүлээд байх шиг байна л даа?
-Хоёр биш ээ. Хавсралтад нь тусгасан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хар л даа. Миний хувьд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулдаг юм.