УИХ-ын гишүүн асан Д.Арвинтай ярилцлаа.
-Ойрд уулзаагүй хүнтэй уулзаж байна. Улс төрөөс холдоод ямар ажлыг хийж байна даа?
- "Их Өргөө" компанийнхаа ажилд тусалж байна даа. “Хуучин байрыг шинэ орон сууцаар” нэртэй хөтөлбөрийн дагуу Сансар хотхоны 85 айлын орон сууцыг бариулах ажлыг хөөцөлдөж байна.
- Хувийнхаа ажлын хажуугаар намынхаа үйл ажиллагаанд оролцож байгаа биз дээ. Ардчилсан нам даргаа сонгох гээд тун завгүй ажиллаж байна шүү дээ?
- Намын Их хуралд суусан. Намын анхан шатны гишүүд намынхаа даргыг сонгож байгаа. Миний хувьд намынхаа аль нэг үүрд харъяалагддаггүй.
- Яагаад?
- Намын батлахаа намын даргаасаа авчихсан учраас аль нэгэн үүрд бүртгүүлж амжаагүй. Тийм учраас намын анхан шатны байгууллагын дотоод ажилд огт оролцдоггүй.Би Ардчилсан намд харьцангуй хожуу орсон шинэ гишүүн учраас дотоод ажилд нь огт оролцдоггүй.
- Сүүлийн үед Ардчилсан намыг шинэчлэх асуудал хурцаар яригдаж байгаа. Ер нь танай нам шинэчлэгдэж чадах уу?
- Намын Их хуралд оролцож буй гишүүдийн оролцоог харахад маш идэвхтэй байсан. Намыг шинэчлэх нь зөвхөн дарга нарын асуудал биш. Фракциудын асуудал ч бас биш. Намын гишүүд нь өөрсдөө зөв байж нам шинэчлэгдэнэ. Мөн зөв лидер гарах ёстой. Намын гишүүд ухамсартай, зөв байх ёстой. Дарга нар болон гишүүд нь хариуцлагагүй байвал нам шинэчлэгдэнэ гэж яриад ч хэрэггүй.
- Гэхдээ намын даргад нэр дэвшигчдээс дэмжиж байгаа хүн байгаа биз дээ?
- Хэн нэгнийг нь илүү дэмжээгүй. Аль нэгэн нь жирийн гишүүд дэмжигчдийн саналыг аваад л ирэх байх.
- Таны хувьд УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүн хүн. Тийм ч учраас одоогийн УИХ-ын алдаа, оноог сайн харж байгаа байх. Ер нь одоогийн УИХ хэр чадамжтай харагдаж байна вэ?
- УИХ-ын гишүүн байх хэцүү. Үнэхээр хүнд. Учир нь бид иргэдээс сонгогддог. Тийм болохоор эргээд иргэдтэйгээ тулж ажилладаг. Тээр тэнд орших Дорнодын зах хязгаарт УИХ-ын гишүүн л очиж ажиллаж байна шүү дээ. Тэнд УИХ-ын гишүүдээс өөр хүн бараг очдоггүй. Тэгэхээр УИХ-ын гишүүн бол үнэхээрийн хүнд хүчир ажил. Хууль тогтоох ажлаа хийхээс илүү иргэдэд дарагддаг. Иргэдээс хамгийн их сайн, муу үгийг сонсдог. Бид иргэдтэй уулзахад өөрсдийнхөө амь, амьдрал, оршин суугаа бүс нутгийнхаа асуудлыг л ярьдаг. УИХ-ын гишүүдийн үүрэгт ажил бол хууль батлах. Гэтэл иргэд сургууль, цэцэрлэг, оршин суугаа газрынхаа асуудлыг ярьдаг. Ярьсан, хэлсэн болгоныг нь төсөвт суулгаж чаддаггүй. УИХ-ын гишүүд ажил хийдэггүй. Бид орон гэргүй болчихлоо. Хүүхэд сургалтын төлбөргүй байна. Хоолны мөнгөгүй байна, Ажил олж өг, хог цэвэрлэгээ эрүүл мэнд боловсрол гээд олон зүйл хүсч биднийг шүүмжилдэг. Энэ бүх зовлонтой УИХ-ын гишүүдээс өөр нүүр тулдаг хүн байгаа ч юмуу мэдэхгүй. ээ Бараг УИХ-ын чуулганы хуралдаа сууж чадахгүй тойргийнхоо ажлыг хийж хүмүүсийн гуйлтыг биелүүлсээр байгаад л нэг мэдэхэд дөрвөн жилийг үддэг. УИХ-ын гишүүн байх үнэхээрийн хүнд. Сэтгэл санааны дарамттай ажил. Тойргийнхоо иргэдтэй зууралдсаар байгаад бүх цаг, хугацаагаа авдаг гишүүд ч бий. Эдийн засаг хүндүеийн парламент өөрөө ер нь хэцүү байдлыг туулаад л гардаг ш дээ.
- УИХ-д суудалтай 65-ийн бүлгийг чадамжгүй байна. Эндээс сонгогдсон Засгийн газар нь ажлаа хийж чадахгүй байна гэх шүүмжлэл их байна? Таны бодлоор энэ Засгийн газар сайн ажиллаж чадаж байна уу?
- Ажил хийе гээд УИХ-д орж ирдэг биз дээ. Гэтэл хөрөнгө, мөнгөний асуудал хүнд бол яах ч аргагүй. Засгийн газар ч их зовдог хөрөнгө, мөнгөгүй юм чинь яалтай билээ. Шүүмжлүүлдэггүй УИХ, Засгийн газар гэж байгаагүй. Бид бүгдээрээ шүүрэн шанага болтлоо шүүмжлүүлж, доромжлуулж ирсэн. Сэтгэл санаагаараа дарамтлуулаад, сонин хэвлэлээр гүтгүүлээд л ирсэн. Цаг хугацаа л харуулна даа. Ер нь тэгтлээ магтуулдаг байсан төр засгийн хүн байдаг юм уу. Амьд байхад нь бүгд л шүүмжлээд л мөнх бусыг үзэхээр нь дэлхийд байхгүй сайн хүн байсан гээд л магтдаг биз дээ. Энэ одоо бидний зан араншин болчиж дээ. Сүүлийн үед би сошиалд ороход Монгол Улсын Ерөнхийлөгч л ганцаараа их шүүмжлүүлж байна даа. Хэлсэн үгийг нь хэсэг, хэсгээр нь тасдаад засварлаад гаргаад байгаа нь хүмүүст буруу сэтгэгдэл үлдээх гэсэн зохион байгуулалттай хүмүүсийн л ажил байгаа юм шиг харагдсан. Яг хэлсэн үгийг нь бүрэн эхээр нь “Өдрийн сонин”оос уншихаар зөв л юм хэлсэн байгаа юм. Надад нэг зан байдаг юм аа, хүмүүс нэг хүн рүү зохион байгуулалттай бүлэглэж дайраад эхлэхээр нь би босоод ирдэг юм. Би олон хүнийг өмгөөлж л байсан. Гишүүн Г.Нямдорж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гишүүн агсан М.Зэнээ, О.Дашбалбарнарыг Монгол Улс даяар л дайрч эхлэхэд тэр үед нь хатуу л өмгөөлж байсан. Тэгээд л намайг Н.Энхбаярыг өмгөөлсний төлөө Н.Энхбаярын хүн гээд л цоллуулдаг байлаа. Сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л их шүүмлүүлж харагдана.
- Буруу зүйл ярьсан учраас шүүмжлүүлж байгаа юм биш үү?.
- Ерөнхийлөгчөөс өөр хэн ярих юм бэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд зөвлөмж үүргийг Засгийн газар Их Хуралд өгдөг. Энэ нь Ерөнхийлөгчийн ажил ,хэрэгжүүлэх нь Засгийн газар, Улсын Их Хурлын асуудал шүү дээ. Ер нь бол утааны асуудал сүүлийн 20 жил яригдлаа. Үе үеийн Засгийн газрын л хийх ёстой ажил шүү дээ. Дорвитой юм хийсэнгүй. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн зөвлөмжийн дагуу Ажлын хэсэг Улсын Их Хурал дээр байгуулагдаж, утааны эсрэг ажиллаж байсан. Тэр үед би Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга байсан, Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хорооны дарга байсан бид 2 ажлын хэсгийг ахалж ажиллаж байлаа. Ажлын хэсэгт ШУА-ынхныг татан оролцуулж байлаа. Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах цаашид хийх ажлын талаар бодитой санал гаргаж, тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболдод үүрэг чиглэл өгч байсан. Ер нь үе үеийн Засгийн газрууд энэ асуудлаар дорвитой ажил хийж чадаагүй өдийг хүрсэн дээ.
- Та нарын гаргасан зөвлөмж яагаад өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй юм бэ?
-Тэгээд л тэнд нь унтуулчихсан шүү дээ. Ер нь бүх цаг үеийн Засгийн газар утаатай тэмцэх ажлыг хийх дургүй байдаг юм биш үү. Би утаатай тэмцэх ажил руу гар дүрж яваад загнуулж байсан удаатай. “Чи УИХ-ын гишүүн байж гүйцэтгэх засаглалын ажлыг хийлээ” гээд загнуулж байсан. Ц.Даваасүрэн гишүүн бид хоёр Монголын эрдэмтэн, судлаачтай уулзаад хаана утаа их байгааг хүртэл олж судлуулаад тогтоогоод авах арга хэмжээг хүртэл зааж өгч байсан. Тухайн үед айлууд дугуй түлдэг байсан бол одоо дугуй бизнес болчихоод хог шатаадаг болсон байна. Хогноос ямар хий ялгарах вэ бодоод үздээ.
- Таны бодлоор утаанаас ангижрахын тулд ямар ажил хийх ёстой юм бэ?
- Хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй. Үндсэн хуулиар бол иргэд хаана ч амьдрах эрхтэй. Гэхдээ нийтийн эрх ашгийг бодож хотын хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хот суурин газар амьдрахаар шилжиж ирэгсэд нийтийн эрх ашгийг бодож утаа гаргахгүй нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгсэн иргэдэд хотод амьдрах боломж олгодог хууль гаргах хэрэгтэй. Иргэдэд “Та Үндсэн хуульд заасны дагуу хаана ч амьдарч болно. Гэхдээ та бусдын эрүүл, мэндийг хохироохгүй утаа гаргахгүй орчинд амьдрах ёстой” гэсэн хатуу зарчмын шаардлага тавьсан Нийслэл Улаанбатарын хуулийг гаргах ёстой. Тэр үед ийм л шаардлага тавигдаж байсан. Ийм хатуухан бодлого, зарчим ярихаар зарим улс төрчид ард иргэдэд таалагдах гээд эсэргүүцдэг л байсан. Ер нь утаанаас салахад зөв хатуу зарчимтай хууль гаргах хэрэгтэй байгаа. Монголын улс төрийн амьдрал дөрвөн жилээр л хэмжигддэг. Ард түмэнд таалагдахын тулд ажиллаад байвал бид насаараа утаатайгаа амьдарна. Хатуу дэглэм, хатуу хууль, хатуухан шаардлагаар л утааны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Дэлхийн бүх том хотууд ийм л зарчмаар ажиллаж байгаа. Утаанаас салах өчнөөн сайхан санаа, санаачлага, бодлого байгаа. Үе үеийн Засгийн газрын олон бодлогууд байгаа тэр бүхнийг одоогийн Засгийн газар хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Ядаж л хог түлдэг айлуудаа болиулах хэрэгтэй.
-Та УИХ-ын гишүүн байхдаа жиргээчдийг тэнэгүүд гэж байсан. Одоо та сошиал сүлжээ ашигладаг болж тийм үү?
- Би УИХ-н гишүүн байхдаа сошиал ертөнцөөр хааяа орж мэдээ л уншдаг байсан. Твиттэр, фэйсбүүк бол бүр ордоггүй. Би УИХ гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчид твиттер фэйсбүүкээр ажлаа хийхээ боль гэж хэлж байсан. УИХ-аас төрийн албан хаагчдыг твиттер, фэйсбүүкээр ажлаа явуулахгүй байх тогтоол гаргах ёстой. Ингэж байж л сошиал ертөнц өөрөө цэвэршинэ. Одоо сошиал ертөнц чинь зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүсийн ажил болсон байна. Тэнд сүүлийн үед нэр хүндээ өсгөх гэж бусдыг доош хийсэн улс төрчдийн явуургүй үйлдэл, ховонд дуртай, ажилгүй, завтай, ямар нэгэн зүйлийг зөв ойлгох чадваргүй аялдан дагагчид, хүн доромжилддог хүмүүс сууж байна. Монголын төр үүнээс ангижрах ёстой. Хөдөлмөрч, соёлтой, боловсролтой, ажил хэрэгч жирийн хүмүүс ордоггүйг би мэднэ, нэрийг нь хэлсэн ч чадна. Яг үнэнийг хэлэхэд УИХ-д яаж сонгодсоноо мэдэхгүй худлаа шудрага царайлаад тойрогтоо тодорхой ажил хийхгүй хэн нэг хүнтэй тэмцэлдэж нэр хүндээ өсгөж байгаа улс төрчид байна. Хамгийн аймшигтай нь арми, хилийн цэрэг, удирдлагуудыг нь худалдан авч цэргийн нууц гэж хэлүүлэн зохион байгуулалттайгаар хүний эрхийг зөрчин цэргийн албан хаагчдаар санал өгүүлсэн, эрүүгийн элементүүдээс мөнгө аваад тараасан мөн хууль зөрчсөн хүн улс төрд орж ирчихээд ард түмний толгойг уран цэцэн угаагаад байж байгаа. Тэр ухаан муутнуудыг зөв зүйл ярьж байна гэж дэмжиж байгааг хараад яана даа Монгол улсын хувь заяа гэж сэтгэл өвдөж сууна.
Т.Хулан
chuhal.mn