8o
Улаанбаатар хот
mobile menu

"Монгол цэргийн музей-2020" хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана

2017-01-14 17:20:00

Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, иргэдэд цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүргээ Монгол цэргийн музейн хамт олон биелүүлж ирсэн. Түүний зэрэгцээ Монгол цэргийн түүхэнд холбогдох соёлын биет өвийг сурвалжлан олох, цуглуулах, хадгалж хамгаалах, судлан сурталчлах замаар үзэгчдийн итгэл, хүндэтгэлийг хүлээсэн, цэргийн түүхийн тэргүүлэгч байгууллага байх эрхэм зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна.

 Өнгөрсөн онд тус хамт олон өөрийн эх орон болон ОХУ-д төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус 20 гаруй үзэсгэлэнг түр болон нүүдлийн байдлаар дэлгэж, 10000 гаруй үзэгчдэд үйлчилсэн нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, Монголын театрын музейтэй хамтран "Дэлгэцэнд мөнхөрсөн цэргийн дүрэмт хувцас", Үндэсний төв архив, Батлан хамгаалахын Төв архивтай хамтран "Монгол цэрэг", тус музейн 50 жилийн ойд зориулсан "Гэрэл зураг түүх өгүүлнэ", "Алдар" спорт хороотой хамтран "Алдар-70" зэрэг үзэсгэлэнгүүдийг гаргасан нь үзэгчдийн таашаалд илүүтэй нийцсэн байна. Мөн ОХУ-ын Эрхүү мужийн "Ялалт" музейтэй хамтран "Монгол-Оросын түүхэн харилцаа" сэдэвт үзэсгэлэнг дээрх музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэснээс гадна олон улсын залуучуудын "Байкал-2020" форумд оролцогчдод зориулсан "Цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд Орос-Монголын залуучуудын оролцоо" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг хилийн чанадад дэлгэн сонирхуулсан юм.

Түүнчлэн Монгол цэргийн музейн 50 жил, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар маршал Г.К.Жуковын мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон ажил, арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

"Монгол цэргийн музей-2020" хөтөлбөрийн хүрээнд үзэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, музейн сан хөмрөгийг баяжуулах, хадгалалт, арчлан хамгаалалтыг сайжруулах, түүхт ой, тэмдэглэлт өдрүүдээр төрөл бүрийн сэдэвт үзэсгэлэнг дэлгэх, БХЯ-ны дэмжлэгтэйгээр ӨМӨЗО-ны Номун хааны музей, Хайлаар хотын музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулан "Музей нүүж явна" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цэргийн аялал, жуулчлалыг хөгжүүлэх, уламжлалт "Хобби" үзэсгэлэнг гаргах зэрэг олон бүтээлч ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн "Монгол цэргийн музей үзүүлж байна" телевизийн цуврал нэвтрүүлгийг бэлтгэн явуулахын дээр олон улсын аялал, жуулчлалын сүлжээнд нэгдэж, хамтран ажиллах, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын ахмадын зөвлөлтэй хамтран "Дурсамж" уулзалтуудыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment