УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 51.3 хувийн ирцтэй эхэллээ.
Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Ерөнхийлөгч өчигдөр Агаарын бохирдлын талаар мэдээлэл хийхдээ “Улаанбаатар ирээдүйгүй болсон байна. Улаанбаатарт хөрөнгө оруулалт битгий хий” гэсэн утгатай юм ярьсан байна. Энэ хүнийг хугацаанаас нь өмнө огцруулахгүй бол болохгүй болж байгаа юм байна. Улсаа ингэж доромжилж болохгүй. УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийг огцруулах бичигт гарын үсэг зурахыг уриалж байна” хэмээв.
Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “УИХ-ын чуулганаар ирэх сард Агаарын бохирдлын асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхийлөгч өчигдөр хэлсэн. Үүнийг хойшлуулахгүйгээр нэн даруй хийх хэрэгтэй байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хэдэн өдөр дараалан хуралдсан ч болж байна” гэлээ. Уг саналыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Н.Энхболд нар дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Харин УИХ-ын гишүүн Я.Санжмятав, “АН-ын бүлэг хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналтай байна. Өнөөдөр энэ хуулийн талаар бүх намын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болох юм” хэмээв. Харин О.Баасанхүү гишүүн хуулийн төслөөр завсарлага авах бус бүр хойшлуулах хэрэгтэй гэсэн санал хэллээ.
УИХ-ын даргын зүгээс Д.Тэрбишдагва гишүүний саналыг ойрын хугацаанд хэлэлцэхээ илэрхийлээд, АН-ын бүлэгт Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслөөр нэг хоногийн завсарлага өглөө. УИХ-ын дэгийн тухай хуульд хуулийн төслийг хойшлуулах заалт байхгүй гэдгийг О.Баассанхүү гишүүнд тайлбарлав.
Ийнхүү хуралдаанаар СЕХ-ны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Т.Хулан