Ардчилсан намын даргыг сонгох дотоод сунгаа ид өрнөж байна. Намын даргад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, БСШУ-ны сайд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар өрсөлдөж байгаа юм.
Сонгуулийн сурталчилгааны ажил баруун аймгуудад үргэлжилж буй бөгөөд шийдвэрлэх санал хураалт энэ сарын 29-ны өдөр болно. Тодруулбал, энэ сарын 29-ны өдөр Ардчилсан намын дараагийн дарга гишүүдийнхээ саналаар сонгогдож албан ёсоор тамгаа гардана. Тус намын даргаар хэн сонгогдсоноос үүдэн энэ оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгө төрх тодорхойлогдоно. Нэр дэвшигчид нэг гараанаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн бөгөөд тус, тусдаа сурталчилгаа явуулах, штаб байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээ байгуулах зэргийг нь намаас нь хориглсон байгаа юм.
Хамгийн чухал нь тус намын дарга З.Энхболд эв, эеэ хичээж өрсөлдөхийг сануулж таван ширхэг сумыг сурталчилгааны эхний өдөр гардуулсан. Гэтэл санал хураалтын өдөр ойртох бүр АН-ын нэр дэвшигчид унаган зангаа гаргаж гартаа барьсан сумаараа бие, биеэ харваж эхлэв.
Хамгийн сүүлд л гэхэд Өвөрхангайд болсон уулзалтын үеэр Ж.Батзандан С.Эрдэнэ нар муудалцаж бие, биенээ доромжилж харагдсан. “Атгасан гар шиг, таван сум шиг явъя аа гэж тохирчихоод уулзалт болгон дээр гарч ирж биднийг хусдаг, Ардчилсан намыг харлуулдаг ийм хүнтэй би эвтэй найртай явж чадахгүй. Хэн нэгэн популистаар Ардчилсан намыг тоглуулахгүй шүү. Шоронд орохын даваан дээр Ардчилсан намд орж аврагдаж байсан. АН-д амь гуйж орж ирсэн Ж.Батзандан бага дарвалзаарай” гэх үгийг АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ Ж.Батзанданд хаяглан уулзалтын үеэр хэлсэн.
Харин Ж.Батзандан “Намыг өмчилдөг хэсэг бүлэг этгээдээс энэ намыг салгана. “Би байгуулсан юм чинь, миний нам. Аятайхан байгаарай, сүүлд орж ирчихээд” гэдэг. Намайг долдугаар ангид байхад ардчилал гарсан, би 15, 16-хан настай байсан. Яаж улс төрийн нам байгуулах вэ дээ, боломжгүй шүү дээ” гэж хоолой чичрүүлэн ярьжээ.
Мөн Ж.Батзандан бусад нэр дэвшигчид рүү гээ дайрч Л.Гантөмөрийг “Аймхай төмсөгтэй хүмүүс энэ намыг удирдаж чадахгүй” гэх мэтээр дайрч давшилж байв.
Харин Л.Гантөмөр "Би тийм аймхай харагдаад байна уу. Уучлаарай. Тийм юм байхгүй л дээ" гэж хариу барьж харагдсан.
Угтаа бол нэр дэвшигчид гишүүдтэй уулзах уулзалтаар мөрийн хөтөлбөрөө танилцуулах үүрэгтэй. Гэтэл ирээдүйд хийх ажлаа танилцуулах ёстой 15 минутад ана, мана ач тач хэрэлдэж буй нь яг үнэндээ нэр дэвшигчдийг муухай харагдуулж байна.Уг маргаан улам ширүүсч биенийхээ булхайг дэлгэж дуусч мэдэхээр байна.
Т.Энхэлээ