УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болж магадгүй гэх мэдээлэл бий. Тэгвэл УИХ-ын гишүүн асан М.Батчимэг уг мэдээллийг эрс үгүйсгэжээ. Тэрбээр энэ талаар “Надад генсек болох бодол байхгүй. Би албан тушаал хайгаагүй, гар нийлж ажиллаж намаа шинэчлэх баг бүрдээсэй гэж хүсч, үүний төлөө ч ажиллаж байгаа. Хүн зөв цагт зөв газраа байх их чухал гэж би боддог. Энэ нь заавал ямар нэгэн албан тушаал байх албагүй” гэжээ.
Тэрбээр мөн Ардчилсан намын даргын сунгаад оролцож буй хүмүүсийн талаар ярихдаа “Манай нам өнгөрсөн УИХ-ын сонгуульд яг үнэндээ залуусын саналаар ялагдсан. Залуу үе, нийгэм Ардчилсан намыг хөгшчүүдийн нам гэж харж байна. Ийм нөхцөлд манай намын нүүр царай шинэчлэгдэхгүйгээр 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд тэсч үлдэхгүй” гэсэн байна. Түүний ярьснаас дүгнэвэл тэрбээр залуу нэр дэвшигчийг дэмжиж буй бололтой.
Т.Хулан