УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Элчин сайдын яам, консулын газрыг татан буулгахтай холбоотой асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил бүлгийн гишүүдэд тайлбар хийсэн байна. Мөн үүнээс гадна “Монголын тал Хятадын талаас уучлал гуйсан” гэх зэрэг асуултанд хариулт өгсөн байна.
Үүний дараа АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ сэтгүүлчдин сонирхсон асуултад хариуллаа.
-Сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтай холбоотой ямар тайлбар хийсэн бэ?
-Хятадын нэр бүхий вэб сайт, олон улсын түвшинд хэвлэл мэдэллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл, Хятадын албаны зарим хүмүүсийн “Монголын тал Хятадын талаас уучлал гуйсан” гэх зэрэг мэдээлэлтэй холбогдуулж сайд Ц.Мөнх-Оргилоос тайлбар авлаа. Монгол Улс тусгаар тогтносон улс орны хувьд аливаа айлчлалыг бие дааж шийдэх эрхтэй. Гэвч энэхүү асуудалд Ц.Мөнх-Оргил сайд төгс тоймтой тайлбар хийж чадсангүй. Айлчлал нь шашны шугамаар байсан ч нэвтрэх виз олгох журам нь консулын журмаар шийдэгдэж байгаа. Тийм учраас Засгийн газрын түвшний асуудал юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар дамжуулж Хятад улс руу илгээсэн илгээлтэд дурдсан зүйл нь мөн ийм утгатай байгаа. Ерөнхий сайдаас өөрөөс нь тайлбар авах шаардлагатай гэж үзсэн.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэх боллоо. Бүлгээр төслийг хэлэлцсэн үү. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзэж байна уу?
-Ардчилсан намын бүлэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь ирээгүй учраас хэлэлцэх боломжгүй байлаа. УИХ-ын Тамгын газраас лавлагаа авна.