АНУ-ын албаны хүмүүсийг онилсон кибер халдлага явуулсан гэсэн үндэслэлээр ОХУ-ын аж ахуйн нэгжүүд болон албаны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа Цагаан ордон мэдэгдлээ. Цагаан ордноос пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд “АНУ-ын энэ оны ерөнхийлөгчийн сонгуулийг бусниулж, саад болох зорилгоор явуулсан кибер халдлагатай холбоотой Оросын есөн аж ахуйн нэгж болон албаны хүн, тодруулбал тагнуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр байгууллага, тагнуулын байгууллагын дөрвөн ажилтан болон кибер үйл ажиллагааг дэмждэг хоёр компанийг Ерөнхийлөгч Барак Обама хар дансанд орууллаа” гэжээ.
Энэ оны зургадугаар сард АНУ-ын Ардчилсан намын компьютеруудад хакерчид халдаж, намын албаны хүмүүсийн и-мэйлүүдийг нийтэд дэлгэсэн юм. Цагаан ордон мөн Оросын засгийн газрын 35 албаны хүн, тэдний дотор дипломатчдаас 72 цагийн дотор нутаг буцахыг шаарджээ. Орос дахь АНУ-ын дипломатчдыг тагнуулынхан болон цагдаа нар тайван байлгахгүй байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ авч байгаа аж.
Сири болон Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Обамагийн засаг захиргаа энэ сарын эхээр Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. Сүүлд дахин хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор Обама болон Оросын Ерөнхийлөгч Владмир Путины засаг захиргаа хоорондын харилцаа муудаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Харин “Орос кибер халдлага явуулсан” гэгдэж байгаатай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараа Оростой харилцаагаа сайжруулах бодолтой байгаагаа илэрхийлж байсан юм.
Ерөнхийлөгч Обама пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “Америкийн бүх иргэн Оросын явуулж буй ажиллагаанаас сэрэмжлэх хэрэгтэй” гэжээ.