Сүүлийн өдрүүдэд давхар иргэншлийн асуудал олны анхаарлыг маш их татаж байгаа. Энэ асуудалд Гадаад Харилцааны Сайд Ц.Мөнх-Оргил энэ асуудлаар тайлбар хийгээд байгаа билээ. Тэрбээр хэлэхдээ “Давхар харъяаллын асуудлаар Засгийн газар судалгаа хийж байна. Бид энэ асуудлыг судлах шаардлага гарсан. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр гадаадад амьдарч буй 130 гаруй мянган монгол иргэний төлөөлөл болсон 400 гаруй ТББ Монгол улсад чуулга уулзалтаа хийсэн. Тус ТББ-аас Засгийн газарт хоёр асуудлыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт зарим тохиолдолд монголчуудыгаа буцаагаад харъяалалд нь аваачээ гэдэг хүсэлтийг тавьсан. Үүнийг бид судалж үзэж байгаа юм” гэсэн хариултыг өгсөн.
Тэгвэл Ерөнхийлөгч өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан давхар иргэншлийн талаарх байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Давхар бас хоёрдмол иргэншил гэх яриа үе үе гардаг л юм. Би Монгол Улсын Засаг, Төрийг төлөөлж байх бүх хугацаандаа энэ яриаг няцааж, "болохгүй" гэдэг хатуу байр суурь баримталж ирсэн. Монгол Улс давхар иргэншлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН: Энэ бол зөвхөн Монгол Улсын иргэнд, түүний үр хүүхдэд заяах онцгой эрх юм. Алт амласан ч харь орны иргэнд давхардуулж Монгол Улсын иргэншил бүү олго. Энэ бол Монгол төрийн сахин хамгаалж ирсэн, цаашид ч хэлбэрэлтгүй баримтлах бодлого юм" хэмээжээ.