Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ сарын 14-16-ны өдрүүдэд ОХУ-д айлчилсан билээ. Энэхүү айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин, Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Владимир Абдуалиевич Васильев нартай тус тус уулзалт хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. “Сбер” банк нь ОХУ-ын хамгийн том банк бөгөөд энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрийг “Сбер” банк санхүүжүүлэх боломжтой болж байгаа аж. Энэ мэт олон ажлыг бүтээгээд ирсэн ч сайны хажуугаар саар гэгчээр таагүй мэдээлэл ч мөн гарлаа.
Оросын төмөр хатагтай гэгдээд байгаа монголчуудын чамгүй сайн танил болох ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко Их хурлын даргад ийн хэлсэн юм.
"Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна. ШХАБ-д Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байгууллагад элссэнээр Оросын, эсвэл Хятадын нөлөөнд орно гэж үздэг улстөрчид танайд бийг би мэднэ. Энэ бол огтхон ч тийм биш.
Харин ч танай улсад илүү ашигтай байх болно. Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. МанайЗасгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой" хэмээсэн юм.
ОХУ: Монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй
2016-12-26 09:24:00