УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.
Т.Аюурсайханы санаачилсан уг хуулийн төсөлд гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Тухайлбал, гишүүн Д.Хаянхярваа: -Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах албаны нэр хүнд өнөөдөр унасан. Хэрэглэгчийг хамгаалах хуулийн далбаан дор луйвар хийж байна. Энэ хуулийн төсөлд хатуу заалтууд их орсон байна. Эргээд бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулах юм. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажлыг хийхэд төрийн ноён нуруу хэрэгтэй” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:- Монголын нөхцөлд цөөн хүнтэй аж ахуй нэгжийг аваад явна гэдэг хүнээс тэсвэр, тэвчээр, удирдах авъяас шаарддаг. Энэ хуулийн төслөөс хуулийн заалтаас эхлээд шаардахгүй зүйл гэж алга. Хаах нээх цагаа хуулиас асуух нь. Боловсон хүний мэдээллийг гаргаж өг гэж байна. Энэ төслийг дэмжих боломжгүй. Өнөөдрийн нөхцөл байдалд нийцэхгүй байна.
Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан:- Миний хувьд Ж.Ганбаатар гишүүнтэй санал нэг байна. Хуулийн дарамт байгаа. Дахиад дарамтлах шаардлагагүй. 1200-гаад ТҮЦ-ийг ачаад, самарч байна, гадаа. Аймаар их найрладаг хотын даргадаа хэлмээр байна. Энэ хуулинд гадаад үг их байна. Гишүүд ч гадаад үг их хэрэглэх юм. Үгэндээ анхаараач ээ. Амнаас гарч байгаа үг гэдэг чинь үндэсний үйлдвэрлэлээ яаж дэмжих вэ,улс үндэстнээ яаж аврах вэ гэх хэрэгтэй. Амнаасаа гадаад үг гаргаад байвал гадаадыг дэмжээд байна гэсэн үг. Үндэсний үйлдвэрлэл амнаас гарч байгаа үгнээс эхэлнэ. Маргаашнаас эхлээд монгол дээлээ өмсмөөр байна. Та бүхний эхнэрүүд оёдоггүй бол цалингаа аваад Нарантуулаас худалдан авах хэрэгтэй. Дотор чинь Монгол байгаа бол гаднаа харуулаач. Арванхоёрдугаар сарын 27-ны Их тэнгэр цогцолборт Шинэ жилийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тэр баярлах мөнгөөрөө өлсөж байгаа түмэндээ гэдэс, толгой, шийр авч өгмөөр байна. Цаасан дээр хууль үйлдвэрлэх, амьдрал дээр хэрэгжүүлэх хоёр ондоо асуудал. Хулгай хийдэг Ерөнхийлөгчтэй, зээл гуйдаг УИХ-ын даргатай, мэнэрээ Ерөнхий сайдтай байна. Нэг өдөр Монгол Улс босвол яана” гэв.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг ихэнх гишүүд дэмжихгүй байгаагаа чууулганы хуралдааны үеэр илэрхийлж байлаа. Эдийн засаг хүндрэлтэй үед аж, ахуй нэгжүүдийг хатуу хуулиар барихын оронд дэмжих нь зүйтэй гэх мэдээллийг өгч байна.
Т.Энхэлээ