УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд Хөгжлийн банкны талаар арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэхээр байв. Уг асуудлыг хаалттай хэлэлцэхээр санал хураалт явж, гишүүдийн олонхи дэмжсэн юм. Үүнтэй холбоотой АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж "Хөгжлийн банкны арга хэмжээ авах тогтоолын төслийг нээлттэй хэлэлцэхийг цөөнх шаардаж байна. Мөн энэ нийтдээ 200 хуудас материал байгаа. Тиймээс цөөнх энэ материалтай танилцах зорилгоор завсарлага авч байна. Хөгжлийн банкны үндсэн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх юм билээ" хэмээлээ. Харин завсарлагаа хэдий хугацаатай авч байгаагаа хэлээгүй ба олонх завсарлага авч хугацаа алдах шаардлагагүй гэсэн байр суурьтай байв.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Хөгжлийн банкны асуудал их үүсвэрийн хувьд хүнд байна. Хэзээ хүнд болсон, эх үүсвэрийг хэн хүндрүүлснийг бүгд мэдэж байна. Шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлмээр байна. Засгийн газар санал оруулж ирсэн байна. Тиймээс та бүхэн тогтоолын төсөлд хугацааны хувьд завсарлага авах хугацаагаа хэлчих. Үдээс өмнө завсарлага аваад, үдээс хойш хэлэлцүүлмээр байна. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн, Засгийн газрын авах арга хэмжээний тогтоолын төсөл хоёр өөр агуулгатай. Та бүхэн тогтоолын төсөлд завсарлага авах гэж байгаа юм шиг байна. УИХ дахь АН-ын бүлгийн завсарлага авах хүсэлтийг хүндэтгэж байна. Тиймээс одоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийе. Энэ хугацаанд АН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкны материалтай танилцаж бай. Үдээс урагш Хөгжлийн банкинд хийх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ" гэв.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Хөгжлийн банкны асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү. Тус банкнаас олгосон зээлийн 13,8 хувь нь чанаргүй, 69.6 нь хугацаа хэтэрсэн нийтдээ 90 орчим хувь нь асуудалтай. АН-ын бүлэг дүгнэлттэй танилцаад үдээс хойш гэхэд хэлэлцэж эхлэх хэрэгтэй" гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Г.Занданшатар, "Оны эцэст балансаа хянах боломжгүй болно. Монгол Улсын төсөв тасрах аюул нүүрлэнэ. Улс орны эдийн засаг доголдоход хүрвэл хэн хариуцлагыг нь үүрэх вэ" гэлээ.
Чуулганаар одоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
Т.Хулан