Өнөөдөр Хятадын төрийн мэдлийн Синхуа, Global Times, Ардын Өдрийн Сонин зэрэг хэвлэлүүдэд Монгол улсын гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилын хэлсэн үгийг эш татсан мэдээллүүд гарлаа. Тус нийтлэлд бичсэнээр Монгол улс цаашдаа Далай ламыг ямар ч зорилготой айлчлан ирэхийг нь хориглоно гэсэн байна. Тухайлбал шашны нэрийн дор ирэхийг нь ч зөвшөөрөхгүй гэж бичсэн байна.
Ингэхдээ тэд Ц.Мөнх-Оргил сайдын Мягмар гарагт “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагаас нь эш татан бичжээ. Тодруулбал, Ц.Мөнх-Оргил сайд Өнөөдөр сонинд ярилцлага өгөхдөө “Хятадын тал Далай ламын айлчлалыг эсэргүүцэж, энэ бүх ажил хойшилсон л доо. Одоо байдал ямаршуу байна, ямар нэгэн нааштай өөрчлөлт гарч байна уу” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Төр, шашны хэрэг тусдаа учраас Засгийн газрын шугамаар өмнө ч Далай ламыг урьж байгаагүй, цаашид ч урихгүй нь ойлгомжтой. Шашны шугамаар ч Далай лам энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Монголд айлчлахгүй гэж ойлгож болно” гэж хариулсан байна.
Гэвч “Өнөөдөр” сонины ярилцлагад гадаад хэргийн сайд “энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд дахин айлчлахыг зөвшөөрөхгүй” гэсэн утга санаатай тайлбар өгсөн байсан. Гэвч Хятадын тал манай сайдын хэлсэн үгээс “энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд” гэсэн нөхцлийг нь хасаж Далай ламын айлчлалыг ямар ч зорилготой айлчлан ирэхийг нь хориглоно гэсэн ташаа мэдээлэл гаргасан байна. Энэхүү мэдээлэл нь Хятадын төрийн мэдлийн том хэвлэлээр гарсан байна.