ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карловын амь насанд халдсан хэрэг өнгөрсөн шөнө Анкара хотод гарсан. Уг хэрэг гарсан даруйд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Гадаад хэргийн сайд болон бусад хүмүүстэй шуурхай уулзалт зохион байгууллаа. Тэрбээр энэ үеэр "Дипломат төлөөлөгчийг хөнөөсөн хэргийн цаад эзнийг зайлшгүй олж мэдэх ёстой. ОХУ-ын Тагнуулын төв хорооноос хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Энэ хэргийг илрүүлэхийн тулд ажлын хэсэг Анкарад очиж ажиллана” гэв.
Путин түүний талаар “Карлов цэрэг хүний ёсоор амь үрэгдлээ. Эх орныхоо даалгаврыг нэр төртэй биелүүлж, Туркийн эрх баригчидтай сайн харилцаатай, бусад улс төрийн хүчнүүдэд нэр хүндтэй, хүндлэл хүлээсэн манай шилдэг дипломатч байсан” хэмээгээд, “өндөр боловсролтой, найрсаг, энэрэнгүй нэгэн” гэж тодотгожээ.
Т.Сар