Туркэд суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг буудан хөнөөснийг дэлхийн удирдагчид зэмлэн буруушааж байна. Өчигдөр орой Туркийн нийслэл Анкара хотод нээгдсэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр Оросын Элчин сайдыг 22 настай цагдаа залуу олон удаа буудан хөнөөсөн юм.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг твиттер хуудсандаа “ОХУ-аас Туркэд суугаа Элчин сайдыг буудан хөнөөснийг би эрс зэмлэн буруушааж байна. Түүний ар гэрийнхэн болон Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ийм аймшигт үйлдлийг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй” гэжээ.
АНУ-ын Төрийн Департамент, Пентагон болон Цагаан ордон энэ халдлагыг зэмлэн буруушааж “Ямар ч шалтгаантай байсан ийм хэрэг үйлдэх нь буруу. Энэ хэргийг мөрдөн шалгахад чадах бүхнээрээ туслах болно” гэжээ. Цагаан ордны мэдэгдэлд “Дипломат корпусын гишүүнийг ийм аймшигтайгаар хөнөөснийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Бид терроризмын аливаа хэлбэрийн эсрэг тэмцэлд Орос болон Турктэй хэзээд хамт байна” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хэлэхдээ “Элчин сайд Карловын амь насыг лалын хэт давруу үзэлт террорист этгээд бүрэлгэлээ. Түүний ар гэрийнхэн болон Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна” гээд “Элчин сайдыг хөнөөсөн нь иргэний нийгмийн бүх хууль журмыг зөрчсөн хэрэг. Дэлхий нийтээрээ үүнийг зэмлэн буруушаах хэрэгтэй” гэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “терроризмын шинжтэй энэ хэрэг намайг үнэхээр цочирдуулж, сэрдхийлгэлээ. Дипломат ажилтан болон энгийн номхон иргэдийг халдлагын бай болгохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
НҮБ-ын Аюулгүй Зөвлөл мөн энэ халдлагыг буруушаасан мэдэгдэл хийсэн байна. Ийм халдлага үйлдсэнийг АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Саманта Пауэр болон АНУ-аас Туркэд суугаа Элчин сайд Жон Басс нар мөн зэмлэн буруушаалаа.
Их Британи, Герман, Иран, Катар, Азербайжан зэрэг улс орон уг халдлагыг зэмлэн буруушаагаад, Оросын удирдагчдад эмгэнэл илэрхийлжээ. Казахстаны ГХЯ Карловын ар гэрийнхэн болон Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлээд “тусгаар тогтносон бүрэн эрхт улсын төлөөлөгчийг онилон террорис халдлага үйлдсэн нь Турк болон Оросын харилцааг хөндийрүүлж, таслах гэсэн оролдлого” гэжээ.