8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын ширээгээ засахдаа аюулгүй хүнс хэрхэн сонгох вэ

2015-12-20 09:05:00

Тун удахгүй хүн бүхний хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр тохионо. Гэрийн эзэгтэй нар хайртай дотны хүмүүс найз нөхөдөө гэртэй урьж амттан бүхнээр ширээгээ засаж, хоол хүнс бэлтгэдэг. Тэгвэл эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрхэн сонгох талаар зөвөлгөөг бэлтгэлээ.  

Барааны он сар, хадгалах хугацааг заавал хар 

Үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг хангахын тулд хамгийн чухал зүйл болох хадгалах хугацаа, он сарыг заавал тавьсан байдаг. Харин ийм шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг авахгүй байсан нь дээр. Хадгалах хугацаа нь дотроо гурав ангилагддаг байна. Нэг, хоёр, бүр гурван төрлийн он сар тавьсан бараа байдаг.

Үүний ялгааг хамтдаа сонирхъё. Нэг огноо буюу “EXP DATE 1.6.2014” гэсэн байвал энэ бүтээгдэхүүний хадгалах хугацаа 2014 оны нэгдүгээр сарын 6-нд дуусна гэсэн үг байх нь. Харин “1.6.2014    1.6.2016” гэвэл тухайн бүтээгдэхүүнийг 2014 оны нэгдүгээр сарын 6-нд үйлдвэрлэсэн бөгөөд хугацаа нь хоёр жилийн дараа дуусна гэдгийг илтгэж буй хэрэг аж.

Харин гурван он сар байвал яах вэ. Энэ бол эхнийх нь үйлдвэрлэсэн  он сар, бөгөөд удаах нь дэлгүүрийн лангуун дээр худалдаалагдах хугацаа бол гурав дахь нь тухайн бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа юм. Хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг ямар ч тохиолдолд сонгохгүй байхыг эрүүл ахуйч нар зөвлөдөг юм билээ. Орц найрлагаасаа шалтгаалаад асуудалтай, эрүүл мэндэд тэр нь нөлөөтэй учраас л заавал ч үгүй хадгалах хугацааг цаанаас нь зааж өгөөд байгаа хэрэг биш гэж үү. 

Өндөг, бялуу, сүү зэргийг хөргүүртэй лангуунаас сонго 

Хүнсний бүтээгдэхүүний хувьд орчны хэм өөрчлөгдөх нь эрүүл ахуйн үндсэн шаардлагаа гээхэд хүргэдэг маш том дутагдал болдог.Өөрөөр хэлбэл, элдэв төрлийн нян үржих хамгийн таатай орчин тэр үед л бий болдог байна. Тийм л учраас үйлдвэрлэгчид харьцангуй чийгшил болоод хадгалах орчны хэмийг тохируулан шошгон дээр нь заасан байдаг байна.

Картын бараанаас дөнгөж гарч, импортын хүнс Монголд дөнгөж орж ирж эхэлж байх үед зөвхөн шоколадны хадгалах нөхцөл алдагдсанаас түүнийг идсэн 18-хан настай залуу хордож амиа алдсан гашуун туршлага байна. Шоколадыг хуурай, нарны гэрлээс хол, нэг хэвийн хэмд хадгалахгүй бол хайлснаас дотор нь агуулагдаж буй ус гадагшилдаг байна.

Гэвч мөнгөлөг цаасанд ороосон энэ бүтээгдэхүүнээс ялгарсан ус гадагш нэвтэрч, уурших боломжгүй тул шоколадыг хөгцрөх гол нөхцлийг бүрдүүлдэг аж. Тиймээс шоколадыг задлаад гадаргуу нь цэнхэр, ногоон туяатай саарал өнгөөр бүрхэгдсэн эсэхийг сайтар нягтлах шаардлагатай юм байна. Энэ нь тухайн бүтээгдэхүүн хөгцөрсөн байж болох хамгийн эхний шинж тэмдэг гэнэ. 

Мөн өндөг, бялуу, сүү зэрэг хадгалах хөргүүрийн нөхцөл шаарддаг бараа бүтээгдэхүүнийг зөвхөн хөргүүртэй лангуунаас авах нь хамгийн зөв сонголт болох нь. Үгүй бол эдгээр нь хоол биш хор болон хувирна.

Тиймээс болж өгвөл шөнө нь хөлдүү хоноод өглөө нь галлаж эхэлдэг, хадгалах хэмийн шаардлага хангаагүй байшинд худалдаа эрхэлж буй дэлгүүрийн лангуун дээрээс болж өгвөл хүнсээ авахгүй байхыг эрүүл ахуйчид зөвлөж байна. 

Лаазалсан бүтээгдэхүүнийг авахдаа юу анхаарах вэ?

Лаазалсан хүнс гэдэг асар их хяналт, шалгалтан дор, битүүмжилсэн орон зайд хүнсийг хадгалж буй нөөцлөх шаардлагад нийцсэн хэрэгцээг зохицуулахад зориулагдсан байдаг. Гэхдээ лаазалсан бүтээгдэхүүний чанар алдагдвал жинхэнэ аюулыг дагуулдаг байна. Иймд лаазалсан бүтээгдэхүүнийг дарж үзэх, бөмбийлтийг нь шалгах, гадаргуу нь хонхойж өөрчлөгдсөн эсэхийг нягтлах нь хамгийн чухал юм.

Лаазалсан бүтээгдэхүүнд ямар ч агаар оруулахгүйгээр савласан байдаг бөгөөд бөмбийсөн байвал доторх бүтээгдэхүүн нь муудаж, ялзарснаас нян үржих агаарын орчин бий болсон байх өндөр магадлалтай аж. Харин хонхож гадаргуу нь өөрчлөгдсөн байвал агааргүй байх ёстой орчныг гаднаас нь хонхойлгосноор нүдэнд үл үзэгдэх гэмтэл гадаргууд бий болж түүгээр агаар нэвтэрснээр өнөөх хүнсний анхдагч чанарыг өөрчилж нян үржих эх суурийг тавьдаг байна.

Иймд лаазалсан бүтээгдэхүүнийг авахдаа хамгийн түрүүнд хоёр гараараа савны дээд хэсгийг дарж үзэх хэрэгтэй. Ингэхэд бөмбийгөөд эргээд хэвэндээ орж байвал агаар ороогүй, чанар хэвийн байна гэсэн үг байх нь. Харин дараагүй байхад ч өнөөх бүтээгдэхүүний лааз бөмбийсөн байвал байдал бишдсэний илрэл гэнэ. За тэгээд хонхойсон байвал бүр ч таны сонголт биш байх нь.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment