УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай гэх мэдээлэл 2013 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдөр The Guardian сайтад гарч байсан. Тухайн үед С.Баярцогт оффшор дансандаа нэг сая хүрэхгүй мөнгөтэй гэж тайлбарлаж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр С.Баяцогтыг оффшор данстай болохыг нотолсон хоёр баримтыг Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос дэлгэлээ. Тус холбооны тэргүүн З.Туяацэцэг "С.Баярцогтын оффшор данстай болох нь нотлогдсон есөн баримт илэрсэн. Одоогоор нягталж байна. Сайтар шалгасныхаа дараа бид дахин мэдээлэх болно. УИХ-ын Тамгын газар "С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцсон тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс өнгөрсөн онд Швейцарийн прокурорын байгууллагад хандсан. Тус байгууллагаас энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн" гэлээ.
Тус холбооны мэдээлж буйгаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга асан С.Баярцогт Швейцарийн “Кредит Суис” банкинд 9.2 сая ам.доллар хадгалуулсан баримт илэрсэн байна. 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр 9.2 сая ам.доллар түүний дансанд оржээ.
Швейцарийн шүүхээс С.Баярцогтын “Кредит Суис” банкин дахь данс хууль бус хэмээн үзсэн тохиолдолд бүх мөнгийг Монгол Улсын Засгийн газарт шилжүүлэх юм байна.
Тэрбээр Швейцарь улсад “Legend plus capital limited” компанийн нэрээр оффшор данстай бөгөөд данс эзэмшиж эхэлсэн хугацаа нь Хятадад нээсэн он сартай давхцдаг байна. Мөн “Credit Suisse, Switzerland Paradeplatz 8, CH-8070 Zurich Switzerland” гэсэн байршил дээр Швейцарь дахь оффшор дансаа нээжээ.
Мөн тус холбооноос УИХ-аар хэлэлцэж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу Оффшор дансны тухай хуулийн төслийг дахин боловсруулахыг шаардлаа.
Т.Энхэлээ