Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлсэн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар нэр дэвших үнэмлэхээ гардаж авлаа. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд "АН-ын даргын сунгаа манай намын түүхэнд сайн, муугаар бичигдсэн байдаг. Үүнийг манай таван нэр дэвшигчид сайнаар авч явах байх. Намын даргын сунгаа бол дүрмийн дагуу явж байгаа. Энэ дүрэмд хэн нэгнийг намд байсан хугацаагаар нь ялгаагүй. Бид хөгшин байна чамайг оруулахгүй гэж хэлээгүй. Сунгаанд оролцуулсангүй гэж сошиалд гомдоллохоо боль. Намын даргад нэр дэвших бүх гишүүдэд нээлттэй байсан. Сонгууль явуулахад зардал гарах нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад 10-15 тэрбум төгрөг зарцуулагддаг. Бид байдаг бүх зардлаа хасаад энэ удаад 1,5-2 тэрбум төгрөг багтаахаар төлөвлөсөн. Үүнийг иргэд ойлгож байгаа. Нэр дэвшиж буй таван эрхэмдээ амжилт хүсэе " гэв.
Нэр дэвшигчид ижил тэгш нөхцөл олгох үүднээс тэднээс 200 сая төгрөгийг хурааж авсан. Харин М.Чимиддорж мөнгөө төлж чадаагүй учир түүнийг сунгаанаас хассан байна. Сунгаа ирэх оны нэгдүгээр сарын 29 хүртэл явагдаж, АН-ын шинэ даргыг тодруулах санал хураалтад татвараа төлсөн АН-ын бүх гишүүд оролцох юм. Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөхөөр дэнчингийн 200 сая төгрөгөө төлсөн нэр бүхий хүмүүс нэмж 40 сая төгрөг тушаахаар болжээ.