УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд 100 гаруй асуудлаар санал хураах байсан ч үдийн цайны завсарлага болсон тул хуралдаан завсарласан юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нийт 103 зарчмын зөрүүтэй саналаар санал хураах нь. Хуулийн агуулгад өөрчлөлт оруулчих юм биш биз. Яагаад ийм олон санал хураагдах болов.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: С.Чинзориг гишүүнээ хуулийн төслийг сайжруулаад хийж байгаадаа баярлах хэрэгтэй. Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй хүн гэж бараг байхгүй. Айлын охин авч суучихаад балбадаг, албан тушаал эрх мэдэлтэй болонгуутаа эхнэрээ сольдог, хуучин эхнэрээ дарамталдаг, баахан бутачтай болдог. Ахмадууд яах гэж зээл авдаг юм, өөрсдөө гоё ганган хувцас авч өмсөх гэсэндээ биш үр хүүхэддээ зарцуулах гэж л тэтгэврийн зээл авдаг. Хүргэн нь хүүхдээ зоддог, арга буюу гэртээ аваад ирдэг. С.Чинзориг гишүүн та нийгмийн чиглэлийн төлөөлөл, энэ асуудалд харгис хандаж болохгүй шүү.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Хуулийн төслийг буцаах тухай яриагүй, маш олон санал хураах болсон тухай л ярилаа. Редакцийн маш олон санал орж ирсэн. Нэг гишүүн юм асуухаар дагуулж өөр ойлголт өгөөд хэрэггүй дээ, О.Баасанхүү гишүүн ээ.
Чуулганыг завсарлуулахын өмнө хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдааныг тасалсан гишүүдийн нэрсийг дуудлаа. Үүнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Н.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Н.Учрал, Б.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нар дуудагдлаа. Мөн тэрбээр “Ардчилсан намын бүлэгт Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа, таван жил үзэгдсэнгүй. Хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ойлгохгүй юм чинь хуралд сууж хайран цагаа барж яадаг юм” гээд яриад сууж байна лээ” гэсэн юм.
Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсоно. Үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхлэх юм.
Т.Энхэлээ