УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр 14.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйн улмаас хойшилсон. Тэгвэл уг хойшилсон хуралдаан удахгүй эхлэх гэж байна. Хамтарсан байнгын хорооны хуралдаанд хамгийн багадаа 19 гишүүн ирж ирцээ бүртгүүлснээр эхлэх ёстой юм. Одоогийн байдлаар гишүүдийн ирц 48.6 хувьтай буюу 17 гишүүн ирээд байна. Тус хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн байсан шалгалтын дүнг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Онцлоход, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хамтарсан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал хоёр долоо хоногийн өмнө орж ирсэн. Энэ үед нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан, улмаар завсарлагын хугацаа дахин үргэлжилж, энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн ч гишүүдийн ирцээс шалтгаалж дахин хойшилсоор байгаа нь энэ юм.
Засгийн газраас байгуулагдан ажилласан ажлын хэсэг Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэж мэдээлсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн даваа гаригт энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Ардчилсан нам Чингис бондыг олон улсын зах зээлээс босгосны хүчинд эдийн засгийн хямралыг даван туулсан. Мөн бондын эх үүсвэрээр олон аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, авто замууд олноор баригдаж, бодитой хөрөнгө оруулалт хийгдсэн” гэж онцолсон юм.
Т.Энхэлээ