8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Л.Гүндалай АН-д хайр зарлаж, С.Амармандах: Орос ах нарыг буруутгахгүй байхыг хүссэн өдөр

2016-12-09 19:00:00

 

“Өөрийнхөө бүтээсэн ертөнцөд үнэ цэнэтэй оршиж, Өрөөлд уусч, өрөөлийг цэнэглэж амьдрах хамгийн дээд жаргал” гэсэн урмын үгийн хамт эрхэм уншигч таны энэ өдрийн мэндийг эрье.  Өнөөдөр нийгэм, улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. 

"Global Times": Орос, Хятадын дунд оршдог Монгол улсыг их гүрнүүдийн сөргөлдөөнд хутгалдахгүй байхыг санууллаа

Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбогдуулан  БНХАУ-ын тал манай талын дөрвөн айлчлалыг цуцлаад байгаа. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас айлчлалуудаа цуцлаад байгаа БНХАУ-ыг хүлээлгүй зээл өгөх боломжтой өөр улсыг эрэлд гараад байгаа аж. 

Саяхан Монгол улсаас Энэтхэгт суугаа элчин сайд Г.Ганболд тус улсын ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд Монгол улсад хийсэн айлчлалын үеэр амласан $1 тэрбумын зээлийг авахаар хөөцөлдөж байгаа аж.

Монгол улсаас Энэтхэгт суугаа элчин сайд Г.Ганболдын энэхүү хүсэлтийг БНЭУ-ын гадаад хэргийн яам уг хүсэлтийг нааштай хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна. 
Харин үүний дараахан Хятадын гадаад бодлогын тусгал болдог Global Times сайтад “Монгол улс салан тусгаарлагчийг хүлээж авсан үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах хэрэгтэй” гэсэн нийтлэл гарсан байна. 

Тус нийтлэлд Монголын эрх баригчдын Энэтхэгээс зээл тусламж авах тухай дурьдсан байна. Мөн үүнээс гадна Орос, Хятадын дунд оршдог Монгол улс төвийг сахих байр суурь баримталж, аливаа их гүрнүүдийн сөргөлдөөнд хутгалдахгүй байх нь ашигтай болохыг сануулсан байна. Монгол улс Энэтхэгээс тусламж хүссэн явдал улс төрийн хувьд хэтэрхий хөнгөн гоомой шийдвэр бөгөөд ингэснээр байдлыг улам хүндрүүлж, асуудлыг шийдэх боломжийг улам багасгана хэмээн нийтлэлдээ дурьджээ.
Хятадын талаас  “Хямралд автсан Монгол улс алдаанаасаа суралцаасай гэж бид хүсэж байна” хэмээн хэлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Далай ламыг урьсан Монголын засгийн газрын эр зоригийг магтжээ гэсэн мэдээлэл tibet.net сайтад гарсан. Тухайн нийтлэлд, Хятадыг тайван замаар ардчилсан засаглалд шилжүүлэхийн төлөө тэмцдэг “Хятадын санаачилга” (Initiative for China - IFC) хөдөлгөөн мэдэгдэл гаргаж Коммунист Хятадын дарамт шахалтыг үл тоон Далай ламын шашин номын айлчлалыг зөвшөөрсөн Монголын эрх баригчдын зүрх зоригийг магтан сайшаасан байсан. 

Харин энэ удаад Хятадын талаас “Орос, Хятадын дунд оршдог Монгол улс төвийг сахих байр суурь баримталж, аливаа их гүрнүүдийн сөргөлдөөнд хутгалдахгүй байх нь ашигтай” болохыг сануулсан байна. 
Эх сурвалж: Global Times
 

Л.Гүндалай: Миний анхны хайр бол АН шүү дээ

"Ард түмнээ хайрлая" намын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж Ардчилсан намд элсэх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Түүний хувьд хоёр ч удаа Ардчилсан намаас гарч байсан билээ. 

Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр "Би 2000 онд АН-ыг ялагдаж явах үед туг нь болж, дэмжиж явсан. Ардчилсан нам шинэ дүрмээ боловсруулж, ҮЗХ гэдэг худалдагдсан байгууллагаар асуудлаа шийдүүлэхгүйгээр нийт гишүүдээрээ хэлэлцүүлж, намын даргаа сонгож, гишүүдийнхээ хүрээнд асуудлаа шийдвэрлэдэг болж байна. Энэ бүхэн миний Ардчилсан намдаа эргэж орох шалтгаан болсон. Миний анхны хайр болсон АН шинэчлэгдэж байна. Би дөнгөж сая АН-ын генсек Л.Эрхэмбаярт намд элсэх хүсэлтээ албан бичгээр өглөө. Харин намайг шууд хүлээж авах байх гэж бодсон чинь сонин хариу хэлсэн. Тэрээр “Энэ асуудлыг өөртэй чинь жич ярья. Дээд хүмүүстэйгээ зөвлөлдөж байгаа хариу мэдэгдье” гэж хэлсэн. Энэ нь надаа их сонин санагдлаа. Аягүй бол намайг авахгүй байж мэдэхээр байна шүү. Мөн АН-д орох болсонтой холбоотойгоор АТХН-ын гишүүнчлэлээсээ албан ёсоор гарлаа.

Манай нам одоо лидергүй болсон. Үлдсэн хүмүүс маань намайг дагаад АН-д орж ирэх байх гэж бодож байна. Грекийн агуу суут их эрдэмтэн, физикч Архимед “Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” гэдэг шиг АН миний хувьд тулах цэг байх болно" гэсэн байна. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та “Ард түмнээ хайрлая” намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн үү?
-Би “Ард түмнээ хайрлая” намын гишүүнчлэлээс албан ёсоор өргөдлөө өгч, өчигдөр /2016.12.07/ чөлөөлөгдсөн. Намайг явахаар бас л хэцүү байна байх. Ер нь аливаа улс төрийн нам том, жижиг ч бай лидер нь л авч явдаг юм шүү дээ. Миний хувьд Ардчилсан намаас гарч байсан тохиолдол байгаа. Энэ бол тэр их фракцийн хуваагдал, мөнгөөр худалдагдсан Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд гээд Ардчилсан нам будлиантай байсан учраас би гардаг байсан юм. Энийг зөвөөр ойлгоорой. Одоо Ардчилсан нам алдаагаа ухаарч байгаа нь надад сайхан санагдаж байна. Тийм учраас би эргэн Ардчилсан намдаа хүчин зүтгэнэ.
-Таныг Ардчилсан намд элсээд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх юм. Энэ үнэн үү?
-Мэдэхгүй ээ. Тэрийг намын хамт олон дүрмийн өөрчлөлт бас шийднэ. Би Монголын сайн сайхны төлөө зүтгэнэ.
-Ардчилсан нам VI  их хурлаа хийлээ. Таны хувьд Ардчилсан намын шинэчлэлийг хэрхэн харж байна вэ?
-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд нэг гишүүн элсүүлэхэд 50-100 сая төгрөгөөр элсүүлдэг. Тиймээс тэнд мөнгөтэй хүмүүс 20, 30 гишүүн болчихдог байсан. Тэр худалдагдсан Үндэсний зөвлөлдөх хороо нь мөнгөний, фракцийн шийдвэр гаргадаг байсан. Тэрнээс биш Ардчилсан намын лидерүүд, бодол санаа нь өөрчлөгдсөн зүйл байхгүй. Ганцхан энэ тоглоомын дүрэм нь өөр болж байна.
-Таны өргөдлийг хэрхэн хүлээн авав. Хариуг нь хэзээ өгөх бол?
- Би Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярт гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн. Тэгсэн их сонин хүлээж авсан. Тэгээд таны асуудлыг жич шийднэ гэсэн. Би бодохдоо Ардчилсан нам бол Ардчилсан нам. Намдаа гишүүнээр элсүүлье гэсэн хүнийг элсүүлж авдаг байх гэж бодсон. Тэгсэн “Дараа хариу хэлье, Дээшээ ярьж тохирно” гэсэн хариу хэлсэнд их гайхаж байна. Намайг намдаа элсүүлэх гэж би найдаж байна. Гэхдээ намайг элсүүлэхгүй ч байж магадгүй юм шиг байна. Би үнэнийг л хэлье. Дональд Трамп гэдэг хүн өмнө нь жижиг намаас Ерөнхийлөгчид олон удаа нэр дэвшиж байсан. Одоо тэр хүн Бүгд найрамдах намаас нэр дэвшээд АНУ-ын Ерөнхийлөгч болчихлоо. Би энэ жишээг дагаж байж болно.

С.Амармандах: Алтан тайзан дээрээ дуулчихаад гарч явахад гэнэт над руу дайрсан

"Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандах арваннэгдүгээр сарын 22-ны өдөр бусдад зодуулж, бэртсэний улмаас биеийн байдал нь хүнд эмнэлэгт хэвтэж байгаа. Энэ хугацаанд С.Амараагийн талаар олон мэдээлэл гарсан. Тэгвэл энэ удаа дуучин С.Амармандах өөрийн хэвтэж буй эмнэлэгт зарим хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. С.Амармандах хэлэхдээ  “Монголын ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би эмнэлэгт хэвтээд 20 гаруй хонож байна.

Алтан гартай эмч нарын буянаар өдий зэрэгтээ босож, та нартайгаа мэндчилж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацаж байна. Гэнэт ийм үйл явдал боллоо. Энэ үйл явдал нь “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр болсон. “Аз жаргалтай Улаанбаатар” гэдэг цэнгүүнд урихаар нь  “Аз жаргал хүсье” гэж дуугаа дуулсан. Энэ үеэр гэнэтийн эмгэнэлтэй үйл явдал болсон. Хотын удирдлагууд мөн урилгаар ирсэн. Тэднийг буруутгахгүй байхыг хүсье.

Намайг янз бүрээр ёсолсон гэж гүтгэсэн. Тухайн цэнгүүн дээр гадаад хүн байна гэж мэдээгүй. Тэр хүнийг танихгүй, мэдэхгүй. Би алтан тайзан дээр дуулчихаад гарч явахад гэнэт дайрлага болсон. Би 5 хоног ухаагүй байсан. Дараа нь 10 гаруй хоног ухаан санаа сайнгүй байлаа. Энэ хугацаанд миний төлөө цацлаа өргөсөн түмэн олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Надад халдсан залууд ар гэр бий, үр хүүхэд, хань ижил нь байгаа байх. Тийм болохоор би тэр залууг эр хүн шиг надтай ирж уулзаад, ойлголцоосой гэж хүсч байна. Эр хүн алдаж, онож л байдаг. Би ч гэсэн уучлалт гуйж ярилцвал эр хүн шиг хандана.

Түүнээс гадна ард түмэндээ хандаж нэг зүйл хэлэхийг хүслээ. Олон нийтийн сүлжээгээр миний гэр бүл, бусад олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн, худал мэдээлэл цацагдах болжээ. Ялангуяа миний оролцсон “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээтэй холбоотойгоор маш олон мэдээ сошиалд явж байна. Хотын дарга, НИТХ-ын дарга нарыг буруутгасан байсан. Тэр хүмүүс миний адил болсон арга хэмжээнд уригдаж очсон зочид. Гэм буруугүй хүмүүсийг хоёр хүний хооронд болсон үйл явдалд хамаатуулж, гүтгэн доромжлохгүй байхыг та бүхнээс хүсч байна.

Надад энэ бүхэн эмзгээр тусч, би өөрөө энэ бүхнийг зохион байгуулж байгаа мэт сэтгэгдэл төрөх боллоо. Мөн олон нийтийн сүлджээнд Орос, Монголын харилцааг сөхөж нилээд маргалдаж байна. Түүнд их эмзэглэж байгаа. Миний хувьд орос 23-р дунд сургууль төгссөн. Орост элэгтэй, орост хайртай хүн. Олон жилийн түүхтэй Орос, Монголын харилцаанд битгий сэв суулгах зүйл өдөөгөөсэй гэж хэлмээр байна. Ухаан алдаад сэрэхэд тэнд байсан бүх хүмүүс надад бүгд санаа зовсон байсан.

Энэ бүхний дараагаар ташаа мэдээлэл их гарлаа. Намайг Орос нөхрөөс 300 сая төгрөг нэхсэн гэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ бүхэн ташаа мэдээлэл гэдгийн хэлэмээр байна. Мөн намайг харанхуй өрөө рүү чирч оруулсан л гэнэ. Тийм юм байхгүй. Намайг сэрэхэд урлаг соёлын хүн гэдэг утгаар нь уруул ам нь сэтэрсэн, тархи толгойноос нь цус гоожсон байсан тул тусгаарласан байсан. Тэр өрөө нь гэрэлтэй байсан. Тэгээд түргэн тусламж дуудахаар сандарцгааж байсан.

Дэлхий дахинд: Задгай сансрын хаан таалал төгслөө

АНУ-ын хамгийн анхны сансрын нисгэгч Жон Глен 95 насандаа пүрэв гарагт таалал төгслөө. Тэрээр АНУ-ын төр нийгмийн зүтгэлтэн бөгөөд сенаторын гишүүний албан тушаалыг хашиж байжээ. Түүнийг эмнэлэгт хэвтсэн талаар олон нийтэд лхагва гарагт зарлаж,долоо хоногийн турш Охиогийн их сургуулийн дэргэдэх "Жамес"-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Тэрээр 2014 онд зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орж байв.
Жон Гленийг таалал төгссөнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ийн эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр “Жон таалал төгсөж АНУ, би болон Мишель бид бүгд хамгийн сайн найзаа алдлаа. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын дайнд гар бие оролцож, нисгэгч хийж байсан арвин туршлагатай хүн. Жон үргэлж бусдыг урамшуулж, урам зориг өгч биднийг Ангараг гарагт хүргэж өгөх цор ганц хүн гэдэгт итгэлтэй байсан” гэв. 

НАСА-гийн удирдах албаны ахлах Чарлез Болден “Глен бол бусдад үргэлж үлгэр дууриалал болж байсан.Түүний хийсэн бүхэн төсөөлөлийг бодит байдал болгож, хүн төрөлхтөний хүрч чадаагүй бүхэнд хүрч чиглэж байсан” хэмээн эмгэнэл илэрхийлжээ. Жон Глений үхэлтэй холбоотойгоор цахим ертөнцөд түүнтэй холбоотой мэдээлэл бүр үл тасраж, эмгэнэл илэрхийлсэн зураг, захидал, постууд хаа сайгүй байсан талаар орон нутгийн хэвлэлүүд онцолж байна. 

Гайхамшигт нисгэгч

Жон Глен 1962 онд дэлхийн түүхийг бүтээж, сансарт нийтдээ 3 удаа зочилж байсан. Тэрээр амьдралынхаа үлдсэн хугацааг Америк орны хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө зориулж улс төрийн салбарт хүчээ сорих болсон юм. Тэрээр 1998 онд 77 насандаа сансарт эргэн нисэж, хамгийн өндөр настай сансарын нисгэгч болж байсан түүхтэй. 

Жон Глен 1921 оны долдугаар сарын 18-ны өдөр Кембриджийн Охио мужийн зүүн хэсэгт төрж, өсжээ. Тэрээр тэнгэрт дүүлэн нисэх мөрөөдлөө анх 8 настайдаа аавын хамтаар уурхайн жижиг тийрэлтэт хөлөг онгоц жолоодон олж авчээ. Аавтайгаа хийсэн энэхүү бяцхан аялал түүнийг хөглөж, урам зоригоор тэтгэж байв. Тэрээр Анна Маргарет Кастор гэх бүсгүйд дурлаж ахлах сургуулиа төгсөн Нью Конкордын Мускингамын коллежд элсэн орж, 1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр “Сувдан Эрэг"-т ажиллах даалгавар авч байжээ. Мөн 1943 онд усан цэргийн баазад элсэн, төгсжээ. Глен нийт 149 даалгаварыг Дэлхийн хоёрдугаар дайн, Солонгосын дайнд амжилттай биелүүлж, түүний гавъяаг үнэлэн олон шагнал гардуулж өгч байжээ. 

Глен сансар судлалын салбарт хувь нэмэрээ оруулсан

1959 онд НАСА сансарт нисэх анхны 7 гишүүдийг сонгон шалгаруулж авчээ. Энэ үед Жон Глен, Алан Шепхард, Гас Гриссом, Скотт Карпентер, Валли Ширра, Гордон Күүпер, Деке Слаятон зэрэг нисгэгчтэй хамтран сансрын нислэг үйлдсэн түүхтэй. Тэрээр АНУ-аас сансарт ниссэн гуравдахь хүн болсон бөгөөд ОХУ энэ үед Юрий Гагарин, Титов нарыг нисгээд байжээ. Гэвч түүний үйл хэргийг үнэлэн ерөнхийлөгч Жон Кенниди сансрын нисгэгчийн үүрэгт ажлаас 1964 оны нэгдүгээр сард чөлөөлж, ард түмний баатар болж үлдэхийг санал болгож байв. 

Улс төрийн зүтгэлтэн болж ард түмнийхээ төлөө санаа зовнин ажилласан

Глен НАСА-гаас гарч албан ажлаа хүлээлгэн өгсөний дараа 1964, 1970, 1974 онуудад Сенатын суудалд өрсөлдөж, ялалт байгуулж байжээ. Тэрээр 1978 онд АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картераас сансрын алдар хүндийн шагнал хүртэж байжээ. 
 

Сүүлийн удаа задгай сансарт дахин ниссэн 

Жон Глен хөгширсөн хэдий ч сансарт нисэх мөрөөдлөө хэзээ ч орхиж байгаагүй юм. Тэрээр 77 насандаа сенатын суудлаас чөлөөлөгдөж НАСА-гийн урилгыг хүлээн авч 9 өдрийн даалгаварыг амжилттай гүйцэтгэжээ. Тэрээр эхнэрийн хамт хоёр хүүхэд, ач, зээгийн хамт амьдарч байв.

Хэт даврагчид хоёр жилийн хугацаанд 50,000 дайчидаа алджээ

АНУ-ын цэргийн удирдлагуудын хэлж буйгаар хоёр жилийн хугацаанд Ирак болон Сирийн дайны үеэр Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл 50 мянган дайчнаа алдсан талаар “Ройтерс”, "BBC" агентлаг мэдээллээ.
Исламын улсын бүлэглэлүүд 2014 оноос эхлэн Европ болон дэлхий дахинаа эрчээ авч олон зөрчилт мөргөлдөөн халдлагыг өдөөн турхирсан гэв. Иймд олон орнууд өөрсдийн тусгаар байдлаа хадгалан авч үлдэхийн тулд АНУ, Их Британийн агаарын хүчин, ОХУ, Турк, Ирак, Курдишийн цэргийн хүчнийхэн тэмцэж хоёр жилийн хугацаанд тус бүлэглэлд элссэн дайчдын 60-70 хувь нь амиа алдсан гэв.

Алеппо хотоос террористуудыг гарахыг зөвшөөрлөө

Сирийн эрх баригчид алан хядах “Жебхат ан-Нусра” террорист бүлэглэлийн дайчдыг Сирийн Алеппо хотыг Кастеллогийн замаар орхин явахыг зөвшөөрсөн талаар мэдээллээ. Сирийн армийнхан Алеппо хотын гол замуудыг чөлөөлж, өнөөдрөөс эхлэн бүслэлтэд байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. “Жебхат ан-Нусра” бүлэглэлийнхэн эсэргүүцэл үзүүлэхгүй хэмээн тохиролцож, хотоос гарахаар болсон байна. 

Армийнхан хотын төвийн хэсэгт хяналтаа тогтоогоод буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байна. Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад исламын дайчдад өршөөл үзүүлэхгүй, устгахыг армийнханд тушаасан юм. Ассад өчигдөр “Тун удахгүй Алеппо хотыг армийнхан чөлөөлөх болно. Армийнхан хотын 90 хувийг чөлөөлөөд байна” гэж мэдэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Харахаас дургүй хүрч байна, АН ба ард түмэн энүүгээр л дутав гэж?
Гүндалай гэж нэг хирээ мэдэхгүй хэрзэгнэж хэтэвчээ мэдэхгүй сагсаганадаг нөхөр хэзээ больж энэ ард олныг амруулах юм бэ? Гарлаа, орлоо хайрлалаа болилоо л гэхийн яасан тавьтаргүй өвчигнөсөн амьтан бэ?
2016/12/09 151.159.104.90
altan
Gundalai ah mine odoo zugeer bolij uz tani jujgiig mongol tumen niiteeree medne shdee
2016/12/09 66.181.184.162
  • Recent
  • Most Read
  • Most Comment