8o
Улаанбаатар хот
mobile menu

“Алтан тайзны эзэд-Бид мартахгүй" хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа болно

2016-12-09 15:16:17

УДЭТ-аас жил бүр “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй" хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээгээр тухайн жил тэгш ой нь тохиож буй тайз, дэлгэцийн алдартнуудаа дурсан, хүндэтгэл үзүүлж, уран бүтээлийн дээжээс нь үзэгч олондоо толилуулдаг юм. Энэ жилийн ээлжит дурсамж өдөрлөг маргааш буюу арванхоёрдугаар сарын 10-ны бямба гаригт болох гэж байна. Энэ жил Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, шинэ цагийн театрын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил ой тохиож буй. УДЭТ Д.Нацагдоржоор овоглодог байгууллагын хувьд их зохиолчийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлсэн “Жаргаагүй нар” жүжгийг өнгөрсөн сард тайзнаа тавьсан билээ. Тэгвэл энэхүү жүжгийг “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй" хүндэтгэл ёслолын үйл ажиллагааны хүрээнд бямба гаригт дахин тоглох юм байна.

Мөн энэ жил урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Гүрдоржийн мэндэлсний 110, XX зууны манлай жүжигчин, гавьяат жүжигчин Т.Цэвээнжавын 100, соёлын гавьяат зүтгэлтэн А.Таяа, УДЭТ-ын орлогч дарга асан Н.Алтангэрэл, гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн нарын мэндэлсний 90, ардын жүжигчин Л.Жамсранжав, театр судлаач, найруулагч Хо.Нацагдорж, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин З.Шагдаржав нарын 80, ардын жүжигчин Г.Мягмарнаран, соёлын тэргүүний ажилтан, театрын ахмад ажилтан Р.Эрдэнэчимэг, Р.Доржравдан нарын 70 насны ой тохиож байгаа ажээ. Тиймээс УДЭТ-ынхан эдгээр алтан тайзны эздэдээ хүндэтгэл үзүүлэх юм байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” үзэсгэлэн бямба гаригт нээгдэнэ. Мөн өдөр “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” эрдэм шинжилгээний бага хурал болох юм байна. Харин арванхоёрдугаар сарын 16-нд гавьяат жүжигчин Т.Цэвээнжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Монгол талаасаа нэгдүгээр хүн” хүндэтгэлийн тоглолт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment