8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ж.Батсуурь сайдын БНХАУ-д хийх айлчлал цуцлагдаж, Их хэмжээний мөнгө хилээр гаргахыг завдсан өдөр

2016-12-08 19:00:00

Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Учир нь энэ цаг хором мөч эргээд олдохгүй. Хийсэн бүтээсэнээ үнэлж цэгнэж хорвоогийн нэгэн өдрийг үдэж байгаа таньд Монголын нэг өдөр тойм мэдээлэлийн булангаа хүргэх гэж байна. Улс эх оронд минь онцлог үйл явдалаар дүүрэн нэг өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалан үлдэж байна. 2016 оныг үдэхэд ердөө 22 хоног үлдсэн байна. Та энэ жил төлөвлөсөн ажлаа амжуулсан уу. Хэрвээ амжуулаагүй бол яг одоо ажлаа төлөвлөөрэй. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь төлөвлөгөө гарга. 
Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх
ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март. Дахин сануулахад цаг хугацаа таныг, намайг хүлээхгүй. Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Харин одоо та бүхэндээ өнөөдрийн тоймоо хүргэж байна. 


Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 


З.Энхболд: Н.Алтанхуягийн талаар баталгаа, нотолгоотой юм байхгүй байна л гэсэн үг

Ардчилсан намын VI Их хурал болсонтой холбогдуулан Ардчилсан намын дарга З.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ удаагийн Их хурал АН-ын шинэтгэлийг эхлүүллээ. Шинэтгэл нэг удаа, хоёр удаагийнхаар хийж амжихгүй гэдгийг ирсэн төлөөлөгч нар хэлсэн. Уг нь анхны зорилго бол дүрмээ батлаад тарах байсан.Гишүүд энэ дүрмийг нийт гишүүдтэйгээ ярьмаар байна гэдэг шаардлага гарсан учраас намын даргын сонгуультай хэсэг, гишүүнчлэлтэй хэсгээ батлаад дүрмийн бусад заалтаа дахиж аймаг, сум хороондоо яриад 7 дугаар Их хурлаар батлахаар болсон. АН-ын Их хурлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн илтгэл мөн миний улс төрийн илтгэлийг тавьсан. Тэрийг сонсож сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн. Шинэтгэлийн газрын зургийг баталсан. Юуг, яаж өөрчлөх вэ гэдэг ерөнхий бүтцээ гаргасан” гэлээ. Мөн зургадугаар Их хурлын төлөөлөгч нараас МАН-ынханд шаардлага хүргүүлж байгаа аж.

Тухайлбал, 
-2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийгдсэн хуульзүйн салбарын шинэчлэлээс ухарсан алхамуудыг яаралтай залруулахыг шаардсан байна. 2016 онд батлагдсан Эрүү, Зөрчлийн хууль, дагадлах хуулиудыг хүчин төгөлдөр болгон 2017 оны эхний хагас жилд хэрэгжүүлж эхлэх, Төрийн албаны хуулийг ноцтой зөрчиж, төрийн албан хаагчдын хомроглон халж байгаа хууль бус үйлдлээ нэн даруй зогсоох, төрийн албан хаагчаа уучлал гуйх, хууль ёсны эрхийг нь сэргээхийг шаардсан. 

-Мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд ил болсон төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжсан баримтыг хуулийг байгууллагаар шалган тогтоож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж байна.

-Хамтын тэтгэврийн хууль, Хүүхэд хамгааллын хуулийг яаралтай хэрэгжүүлэхийг шаардаж байна гэв. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ц.Нямдорж: Дэд сайд твиттерт жиргээд суухын оронд хуулийн ганц хоёр зүйл сурвал яасан юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байхыг хориглож байгаа юм.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.

Тухайлбал, Ц.Нямдорж: Бие даасан цомхон хууль гаргах шаардлагатай. Нийтийн албаны хуулиар 30-аад мянган хүн хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг. Хуульзүйн байнгын хорооны хурлаар оффшор бүс гэдгээ тодорхойлох, энэ асуудал нь гадаадын хөрөнгө оруулалтай хамаагүй, гэр бүлийн гишүүд оффшорт мөнгө хадгалсан бол мэдүүлэг гаргуулах гэсэн ерөнхий рамыг нь гаргасан. Одоо оффшорт мөнгө нуухыг хамгаалдаг хүмүүсээс болоод Хуульзүйн яам ялагдчихлаа гээд хэрүүл үүсгээд байх юм. Дэд сайд нар твиттерээр элдэв зүйл жиргэхийн оронд хуулийн ганц хоёр зүйл сурвал яасан юм бэ. Нэг хуудас хуулийн төслийг дөрвөн хуудас болгож УИХ батална гэж юу байх вэ? Асуудалд ингэж хандаж болохгүй. УИХ-ын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлсэний төлөө дутуу ажилласан Засгийн хүмүүс ялын дүгнэлт бичиж болохгүй. Хуулийг тархиндаа бясалгал хийж байж бичдэг юм. Санал гаргасных нь төлөө шүүмжлээд байх хэрэггүй. Үндсэн хуулийн гэм буруу гэдэг чинь эрүүгийн хэрэг гэсэн үг. Энд гэм буруу, эрүүгийн хэргийн асуудал яриагүй. Амьдрал дээр өөрийнхөө нэр дээр биш үр хүүхдийнхээ нэр дээр бүртгүүлсэн зүйл яваад л байна. Дутуу зүйлийг Их хурлаа гарга гэж шахахын оронд би яагаад дутуу зүйл хийчих вэ гэж бодох хэрэгтэй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ж.Батсуурь сайдын БНХАУ-д хийх айлчлал цуцлагдлаа

Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбогдуулан  БНХАУ-ын тал манай талын дөрвөн айлчлалыг цуцлаад байгаа. БНХАУ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн БНХАУ-д хийх айлчлал цуцлагдсан байна. Тус айлчлал нь өчигдөр эхлүүлэхээр төлөвлөсөн байжээ. 

Их хэмжээний мөнгө хилээр гаргахыг завджээ

Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн албан хаагчид их хэмжээний хөлдөөсөн мах, монгол мөнгөн дэвсгэтрүүд хилээр давуулахаар завдсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Энэ сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын харъяат С,Б нар Улаанбаатар-Хөх хот чиглэлийн олон улсын суудлын галт тэрэгний 6,7,8,9 дүгээр купены агааржуулалтын хоолойдүхэр, хонины 75 кг хөлдөөсөн мах, 890 мянган төгрөгийн дүн бүхий 100, 50, 20, 10-тйн дэвсгэртүүдийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.

Гэмт этгээдүүд нь мөнгөн дэвсгэртүүдийг хайрцаглаж, цүнхэлсэн хөлдөөсөн махан дотроо хийж, хил давуулахаар зэхсэн байжээ. Тэд энэ үйлдлээ “Хүний дайсан эд зүйлийг авч явсан” гэж мэдүүлжээ. Эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан иргэн С, Б нарт Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ.

“Хангай” хорооллын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулахыг шаарджээ

Засгийн газрын 2015.06.15-ны өдрийн 248-р тогтоолоор Сүхбаатар дүүрэг дэх 7-р хорооллын Хангай хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлжээ.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас эдгээр түрээсийн орон сууцнуудад амьдрах иргэдийг шалгаруулах ажиллагааг 2016.08.05-ны өдөр зохих журмын дагуу зохион байгуулсан билээ.

Гэвч тус хорооллын байрнуудыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа нь гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай холбогдон удааширч байгаагаас шалтгаалан иргэд байрандаа орж чадахгүй байдал үүсээд байгаа аж.

Иймд ТОСК ТӨҮГ-ын удирдлагууд Хангай хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компанийн ерөнхий инженер, ашиглалтын албаны менежер зэрэг албаны хүмүүстэй энэ сарын 6-ны өдөр уулзалт зохион байгуулж түрээсийн байрнуудыг ашиглалтанд оруулах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн амьдрах нөхцөлийг хангахыг шаардсан байна.

Хотын удирдлагууд “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүнийг 80 сая төгрөгөөр зохион байгуулжээ

Элчин сайдууд хийгээд хотын удирдлагууд нэг дор цугласан “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр дуучин С.Амармандах бусдад зодуулж, толгойндоо хүнд бэртэл аваад байгаа билээ. Тус дуулианы дараагаар  тухайн цэнгүүнийг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй болсон. Үнэн хэрэгтээ тус үйл ажиллагааг НЗДТГ-аас зохион байгуулсан ч Ц.Сандуй, Су.Батболд нар өнөөдрийг хүртэл уг арга хэмжээг зохион байгуулаагүй хэмээн бултаж байгаа. Хотын удирдлагууд зохион байгуулаагүй хэмээж байгаа ч  тус цэнгүүнийг зохион байгуулсан Хан-Уул дүүрэгт байрлах “One Event Hall” нь НИТХ-ын дарга Ц.Сандуйн эзэмшлийнх гэдгийн зарим нэг нь андахгүй сайн мэднэ. Гэхдээ тус байгууллага нь Ц.Сэргэлэн гэх хүний нэр дээр байдаг. Тус арга хэмжээг нийслэлийн удирдлагууд 80 сая төгрөгөөр зохион байгуулсан бөгөөд 600 зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. 

Д.Отгондалай оны шилдэг тамирчин болов

Монголын боксын холбооноос оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчинаа тодрууллаа.Шилдгүүдийн эрэгтэйчүүдийн тэргүүн байрт “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай орсон бол араас нь ОУХМ Э.Цэндбаатар, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Оюутны Универсиад наадмын аварга Х.Энх-Амар, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ, А.Нурлан, Г.Баярхүү, О.Батхүү, Н.Шинэбаяр нар эхний 10-т багтав. Тус жагсаалтын эхний зургаад “Рио-2016” олимпийн наадамд тулалдсан боксчид орсон юм. Тэгвэл эмэгтэйчүүдээс Л.Алтанцэцэг тэргүүлж, Т.Болортуул, М.Мягмаржаргал, Н.Баянцэцэг, М.Нандинцэцэг, М.Гүндэгмаа, Э.Эрдэнэтуяа, Н.Оюун-Эрдэнэ, О.Жаргал, У.Шинэцэцэг нар оны шилдэг 10-т орлоо.

Дэлхий дахинд

Алдарт дуучны сууж явсан онгоцны ослоос хэн ч амьд үлдсэнгүй

Пакистаны олон улсын нисэх онгоцны компаний онгоцонд 48 зорчигч сууж явсан бөгөөд компанийн удирдлагуудын хэлж буйгаар ослын улмаас 48 зорчигчоос хэн ч амьд үлдэж чадаагүй гэжээ. 
PK661 нислэг нь Читралаас Исламбадад хүртэл нисэх хуваартай байсан бөгөөд Хавалиений бүс нутагт осолджээ. Энэхүү нислэгийн үеэрИсламын алдарт дуучин Жунай Жамшед эхнэрийн хамт зорчиж байжээ.

Тус ослын шалтгааны урдчилсан дүгнэлтээр онгоцонд ямар нэгэн техникийн саатал гараагүй бөгөөд осол боллоо хэмээн сэтгүүлчдэд мэдээлжээ.Энэхүү онгоцонд 42 зорчигч 5 нисэх багийн гишүүн, 1 инженер зорчиж байжээ. Мөн доор орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хэрхэн мэдээлсэн тухай бичлэгийг оруулж байна. 

Канад улс 35000 цагаач иргэдийг хүлээн авчээ

Канад улс өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэж нэг жилийн хугацаанд Сириэс дүрвэсэн 35  мянган цагаачийг хүлээн авчээ. Энэ тухай Канадын Гадаад хэргийн яамаас мэдээлэв. Канад улсад суурьшсан цагаач дүрвэгчдийн ихэнхи нь Ливаныг дамжиж ирсэн бөгөөд 2015 онд Канадын цагаачлалын албанаас мэдээлж буйгаар 25000 цагаач иргэдийг өөрийн нутагтаа хүлээн авсан гэв.  

А.Меркел намын даргаар сонгогдож, Канцлерьт дахин өрсөлдөнө

Германы канцлерь Ангела Меркель Христийн ардчилсан холбооны даргаар дахин сонгогдсон байна. Энэ сарын 6-нд Германы Эссен хотод болсон эрх баригч намын их хурлаар А.Меркелийн бүрэн эрхийг дахин дөрвөн жилээр сунгажээ. Энэхүү хуралд 4000 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд 89,5 хувь нь Ангела Меркелийн төлөө санал өгчээ. 

Хоёр жилийн өмнө болсон тус хурлаар 96,7 хувийн санал авч байсан аж. Герман дахь популист үзлийг шүүмжлээд олон нийтийн газарт Ислам шашинтай эмэгтэйчүүд гивлүүртэй явахыг хориглох саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Христийн ардчилсан намын холбоо нам шүүхийн танхимд жолоо барих үеэр гивлүүр өмсөхийг хориглох тухай хуулийн төслийг бэлтгэх ажлыг эхлүүлжээ. А.Меркель “Нүүрээ халхалдаг гивлүүр хувцас өмсөхийг бүхий л газарт хуулиар хориглох хэрэгтэй” гэв.

Ирэх онд Германд Бундестагийн сонгууль болно. Намын даргаар сонгогдсон А.Меркель Германы Канцлерьт дахин өрсөлдөнө гэдгээ албан ёсоор илэрхийллээ. Тэрээр их хуралд хэлсэн үгэндээ “Ирэх жил Германд хамгийн хэцүү сонгуулийн кампанит ажил эхэлэнэ” гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment