Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах Бичигтийн боомтын ойролцоо олон адуу үхсэн бичлэгийг нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлсэн нь өнөөдөр олны анхаарлыг татсан юм. Адууг хилээр амьдаар нь гаргахыг өнгөрсөн сард хориглосон боловч хилийн боомтууд дээр адууг машины тэвшин дээр олноор нь ачиж, хилээр гаргахаар удаан хугацаанд өл хоолгүй тарчлааж байгаагаас үүдэн олон тооны адуу үхсэн аж.
Тэгвэл энэ асуудлаар Шадар сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийв. Тэрбээр "Сүлдэндээ залсан Монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг нь таслуулахыг тэвчихгүй. Тиймээс адууг амьдаар нь хил гаргаж буй асуудлыг бүрмөсөн таслан зогсоохыг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт дахин үүрэг болгож байна" хэмээн мэдэгдсэн юм. Цаашид хилийн боомтууд дээр адууг олноор машинд тэвшин дээр хоол хүнсгүй, удаан хугацаагаар сойдог, хилээр нэвтрүүлэхийг оролддог үйлдлүүдийг таслан зогсоож, Шадар сайдын өгсөн үүргийг биелүүлэхгүй бол хатуу хариуцлага тооцно гэдгээ ч мөн мэдээллийн үеэр онцолсон.