МАН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийлээ. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн нь одоо ч тодорхой бус байна. Уг хурлыг хаалттай горимоор нууцын өндөр түвшинд зохион байгуулсан. Хуралдаан тарсаны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс ямар асуудлыг хэлэлцсэн талаар тодруулахад бүгд “Дотоод асуудлыг хэлэлцсэн” гэхээс өөр ямар нэгэн хариултыг өгсөнгүй. Бүлгийн дарга нь ч хэлэлцсэн асуудлынхаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Ямартай ч хариуцлагын асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ Б.Чойжилсүрэн, А.Цогцэцэг, Ж.Батсуурь, Д.Ганбат нарын дөрвөн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Мөн Хилийн тухай хуулийн төслийг ямар нэгэн байдлаар ярилцаагүй гэх мэдээллийг МАН-ын бүлгийн гишүүд өглөө
Энэ үеэр ХХААХҮ-н сайд Б.Сэргэлэн болон УИХ-ын гишүүн М.Билэгтээс цөөн асуултад хариулт авсныг хүргэе.
- Өнөөдрийн хуралдаанаар хариуцлагын асуудлыг хэлэлцсэн гэдэг нь үнэн үү?
- Ер нь бол шат, шатандаа хариуцлагатай ажиллах талаар ярилцсан.
- Яагаад энэ асуудлыг хөндөх болсон юм бол?
- Улс орны эдийн засаг хүнд байна. Сайн ажиллах шаардлагатай байгаа.
- Хэнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн бэ? Дөрвөн сайдын асуудлыг хэлэлцсэн үү?
- Дөрвөн сайдын асуудлыг хэлэлцээгүй. Яг тэр энэ гээгүй.
- Хилийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн үү?
- Үгүй.
-Бүлгийн хурлаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
- Ерөнхийдөө шат, шатандаа хариуцлагатай ажиллах ёстой гэдгийг ярьсан.
- Дөрвөн сайдад хариуцлага тооцох асуудал яригдсан уу?
- Тийм асуудал яригдаагүй. Нэр цохолгүй бүгдийг нь хариуцлагатай ажиллах ёстой гэсэн.
Т.Энхэлээ