Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал иргэдэд танилцууллаа.
Инженер хангамж
2013-2015 онд Улаанбаатар хотын 39.8 км урт дулааны шугамыг өргөтгөн шинэчилж, 12000 өрхийн цахилгааны хүчдэлийн уналтыг сайжруулж, шинээр 6154 өрхийг цахилгаан эрчим хүчинд холбосон. Ингэснээр 6500 орчим өрх цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлсэн юм. Одоогоор шинэ суурьшлын бүсийн 52 байршлын эхний 8 байршилд цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажлын зураг төслийг хийж байна.
2014 онд БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Яармаг”, Япон улсын буцалтгүй тусламжаар “Гачуурт”, улсын төсвийн хөрөнгөөр “Буянт-Ухаа” усан хангамжийн эх үүсвэрүүд тус тус ашиглалтад орж, Улаанбаатар хотын усны нөөц хоногт 70 гаруй мянган метр кубээр нэмэгдлээ.
“Их тойрог” төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллын нийт 124900 айл өрхийн 40 хувь буюу 49960 айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх боломж бүрдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгдсөн 20 байршлаас батлагдсан 12 байршилд баригдах орон сууцны хорооллын 45 хувь буюу 56205 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар боллоо.
Хөрсний усны судалгааг хийж хот төлөвлөлтөнд шаардлагатай хөрсний усны суурь баазыг бий болгосон. Мөн үерийн эрсдэлийн менежментийн төслийг хэрэгжүүлж эрсдэлийг үнэлж, голуудын үерийн халилтын бүсийн зураглалыг боловсруулж, цаашид цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох боломжтой болсон.
Сүхбаатар дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт баригдсан 9х36 метр харьцаатай “Номын худалдааны төв”-ийн халаалтыг эрчим хүч хэмнэх, эрчим хүчийг ухаалгаар хувиарлах “POWER SAVER” төхөөрөмж ашиглан шийдсэн.
Хүнс, худалдаа үйлчилгээ
Хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр 7 журам шинээр болон шинэчлэн боловсруулж 213 сургуулийн 97504 сурагчдад “Хүнсээ зөв сонгоё” сургалтыг зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд “Эрүүл аюулгүй хот” аяныг өрнүүлсэн. Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хууль, зохистой хэрэглээний талаар олон нийтэд сурталчиллаа. Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй 2000-3000 аж ахуйн нэгжид жил бүр хяналт шалгалт хийж, нийслэлийн хэмжээнд сар шинийн баяр,наадам, хичээлийн шинэ жил, Их хотын хямдралтай худалдаа гэх зэрэг томоохон арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх зорилгоор Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих шинэчилсэн журмын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлдэг байсан 8 төрлийн баримт бичгийг 3-4 болгосон. Тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д хандаж зөвшөөрлөө авах боломжийг бүрдүүллээ.
Тохижилт, ногоон байгууламж
Улаанбаатар хотын Тохижилт, ногоон байгууламжийн хүрээнд дараахь ажлыг хийлээ. Үүнд:
Нийслэлийн ногоон байгууламжинд тарьсан мод сөөгний хэмжээ 16 дахин, зүлэг тарилт 3, зүлэгжүүлэлт 4 дахин нэмэгдсэн. Шинээр 200 цэцэрлэгчинг бэлтгэж, 240 цэцэрлэгчинг Япон улсын Жайка байгууллагатай хамтран давтан сургалтанд хамруулсан. Гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбайн зэрлэг ургамал устгал 3 дахин нэмэгдлээ.
Францийн JC Decaux компанитай хамтран нийслэлийн 127 байршилд орчин үеийн загвар бүхий автобусны буудлыг байршуулсан.
Шилдэг тохижилт, ногоон байгууламж бүхий цэмцгэр байгууллага, аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгжүүд 45 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийлээ. Нийтийн эзэмшлийн зам талбайд 2165 сандал, 1196 хогийн сав байрлуулав.
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд хаягдал шил чулууг дахин боловсруулж хийсэн сандал байршуулж, хоёрдогч түүхий эд болох гялгар уут, хуванцарын хаягдлаар сандал үйлдвэрлүүлэн 50 метр тутамд байршуулсан.
Шинээр 226000 метр квадрат талбайд явган хүний зам тавьж, гэр хороолол болон орон сууцны хорооллын дотор 224 байршилд бичил тохижилтын ажил хийлээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдалд хүндрэл учруулж, нийслэлийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байсан стандартын шаардлага хангаагүй гадна зар сурталчилгааны байгууламжуудыг 3 дахин бууруулсан.
145 хөшөө дурсгалд монгол англи хэл дээр тайлбар бүхий хаягжилт хийж, шинээр 39 баримлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд байршуулан, 12 усан оргилуурт урсгал засварын ажил хийлээ.
Монгол наадам цогцолбор 4600 автомашины зогсоол, 8,5 км автозам, сандал 3000, хогийн сав 143, нийтийн бие засах газар 34 гэх мэт олон бүтээн байгуулалтын ажлыг хийж нийслэлийн хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулж байна.
Нийтийн эзэмшлийн 9173,8 мянган метр квадрат зам талбайг өдөр бүр 755 зам талбайн үйлчлэгч цэвэрлэж байгаа. Орон тоо, цалинг нэмж, 2 жилийн зохион байгуулалтад оруулаад байна.
Зам талбайг угаах, тоос шороог соруулах тусгай зориулалтын 11 автомашинаар Чингисийн талбай, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө болон 72 гудамжийг угааж цэвэрлэдэг болсон.
Хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлж 71 иргэдийн бүлэг байгуулагдан , 459 иргэн ажиллаж байна. Олон нийтийн байцаагч, иргэдийн бүлэг, тог тээвэрлэгч байгууллагууд хамтран ажиллаж байна.
Гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлт, ногоон байгууламжийн ажил, НИТХ-ын 63, 61-р тогтоолын хэрэгжилтэд хөндлөнгийн төрийн бус байгууллага хяналт тавин ажиллаж байгаа юм.
Тусгай зориулалтын хогны машины тоог 26 хувиар нэмэгдүүлж, жилд 6 удаа бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, олон жил хуримтлагдсан хур хогийн цэг 20-ийг устгав. Хог ангилан ялгах үйлдвэр ашиглалтад орж, шинээр нэг үйлдвэр баригдах гэж байна.
13 оршуулгын газрын хил хязгаар, талбайн хэмжээг тодорхой болгож, нийслэлийн газрын мэдээллийн санд оруулж 427,9 га талбай бүхий 7 байршилд оршуулга хийхийг зөвшөөрч, 176,5 га бүхий 6 байршилд байгаа оршуулгын газруудыг хаасан юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.