8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп: Улсын болон хувийн бизнесээ зэрэг удирдаж чадна

2016-12-01 13:13:00

Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп Ерөнхийлөгчийн ажил үүрэгтээ илүү анхаарлаа хандуулахын үүднээс бизнесээ орхино хэмээн мэдэгдлээ. Ингэснээр мөн ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэхээс сэргийлж байгаа гэнэ.

Энэ талаар хэвлэлийн бага хурлыг арванхоёрдугаар сарын дундуур хийхээр төлөвлөж байна. Өмнө нь тэрээр өөрийн бизнесийн эзэнт гүрэн болон Ерөнхийлөгчийн алба хоёрын хооронд ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэх эсэх талаарх таамгуудыг няцааж байв.

Тэрээр өөрийн твиттер хуудаснаа бизнесээсээ холдож байгаа тухайгаа зарлажээ. “Америк улсыг дахин агуу болгохын төлөө би өөрийн бизнесээ орхиж, улсаа удирдах ажилдаа төвлөрөх болсон талаар хүүхдүүдийнхээ хамт арванхоёрдугаар сарын 15-нд Нью Йорк хотноо хийх хэвлэлийн бага хурал дээрээ ярилцах болно.

Хуулийн дагуу би заавал ингэх албагүй ч, Ерөнхийлөгчийн хувьд бизнестэйгээ ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх нь чухал юм. Намайг бизнесээсээ бүхэлдээ холдсон гэсэн хууль эрх зүйн баримтууд бэлтгэгдэж байгаа. Ерөнхийлөгчийн ажил үүрэг бол хамгийн чухал ажил юм” гэж бичжээ.

Трампын хэлж байгаагаар Ерөнхийлөгч давхар бизнес эрхэлж болохгүй гэсэн хуулийн зүйл заалт байхгүй ч Америкийн өмнөх ерөнхийлөгчид бизнесээ түр хойш тавьж байсан гэнэ. Түүний өрсөлдөгчид түүний бизнес болон төрийн дээд албан тушаал ирэх саруудад асуудал үүсгэх болно хэмээн олон дахин давтаж байсан юм.

"Форбс" сэтгүүлээс гаргасан мэдээллээр Доналд Трампын одоогийн хөрөнгийн хэмжээ $3.7 тэрбум ам. доллар бөгөөд түүний бизнесийн эзэнт гүрэнд 500 гаруй байгууллагууд бүртгэлтэй аж. Ирэх сарын 20-ны өдөр албан тушаалдаа суухаар зэхэж буй Доналд Трамп өмнө нь New York Times сонинд өгсөн ярилцлагадаа бизнес болон улсыг удирдах ажил хоёроо тус тусад нь салгах талаар бодож байгаа ч хоёлунг нь зэрэг төгс удирдаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа ярьж байсан юм.

Эх сурвалж: The New York Times

chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment