Далай лам айлчилсантай холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газар манай улстай хийх хэд, хэдэн уулзалт хэлэлцээрээ цуцалсаныг мэдэгдсэн. Тодруулбал, хоёр жилд нэг удаа болдог парламент хоорондын зөвлөлдөх уулзалт өнгөрсөн сарын 23-25-ны өдөр болох байсан ч цуцлагдсан. Уг уулзалтаар хоёр улс томоохон чухал асуудлаа шийдвэрлэдэг жишигтэй. Мөн Шадар сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн сарын 28-29-ны өдөр Хятадад хийхээр төлөвлөж байсан айлчлал хойшилогдсон. Уг айлчлалаар хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс хий гаргах төсөл гэх олон асуудлаар яриа хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байсан гэдэг. Гэвч Хятад улс манай Шадар сайдыг хүлээж авах бололцоогүй гэх мэдэгдлийг хийсэн гэж буй. Түүнчлэн энэ сарын 5-ны өдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мөн Хятадад айлчилж зарим асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа ч бас л хойшлуулж магадгүй гэх тайлбарыг урд хөршөөс мэдэгджээ. Үүнээс гадна энэ сарын 5-7-ны өдөр Москва хотноо Орос, Хятад, Монгол улсын Зам тээврийн сайд нарын уулзалт болж гурван улсын хооронд зам тээврийн гурвалсан гэрээнд гарын үсэг зурахаар товлосон. Энэ ажил ч мөн Хятадын талын хүсэлтээр хойшлогдох магадлалтай болоод байгаа юм. Хамгийн ноцтой нь Хятадаас авах зээлийн асуудлыг арваннэгдүгээр сардаа багтаан хэлэлцэж шийдвэрлэх байсан ч хойшлуулаад байгаа юм.
Далай ламын Монгол дахь айлчлал Хятадуудын дургүйг хүргэсэн учраас энэ мэт чухал уулзалт, хэлэлцээр хойшлогдох нь. Манай талаас “Далай лам улс төрий агуулгагүй зөвхөн сүсэгтэн олонд ном айлдсан. Түүний айлчлалыг зохион байгуулахад нэг улс төрч оролцоогүй” гэж мянга тайлбарлаад нэмэргүй байгаа бололтой.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодруулахад тэрбээр маш товчхон хариултыг өгсөн юм. Тодруулбал “Хойшлогдсон уулзалтын талаар дахин ярилцаагүй байна. Уулзалт, хэлэлцээрүүд тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байгаа. Хэзээнээс яригдаж эхлэхийг мэдэхгүй байна. Манай талаас бичиг явуулаад л байгаа” гэх тайлбарыг өглөө. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хувьд энэ талаар үүнээс илүү тодорхой мэдээллийг өгөхийг хүссэнгүй. Уг нь олны анхаарлыг татсан улс орны улс төр, эдийн засагтай холбоотой чухал асуудлаар салбарын сайд нь тодорхой мэдээллийг өгдөг баймаар.
Ямартай ч манайх хойшлогдсон уулзалтуудыг дахин зохион байгуулахын тулд албан бичиг, хүсэлтүүдийг Хятадын талд явуулсаар байгаа бололтой. Харин нөгөөдүүл нь гэдийснээрээ гэдийх үү эсвэл асуудлыг нааштайгаар шийдвэрлэх нь үү гэдгийг харах үлдлээ.
Хятадын талаас “Монгол улс Далай ламын айлчлалыг зөвшөөрч хоёр улсын хооронд сэв суулгалаа” гэсэн билээ.