8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Байгалмаа: ДОХ-той 10 эхээс 14 эрүүл хүүхэд төрсөн

2017-02-16 12:15:00

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) нь Дархлалын олдмол хомсдол ДОХ өвчнийг үүсгэдэг.ХДХВ нь нийгэмд аюултай, үр дагавар нь их, халдварлах замууд нь олон байдаг бөгөөд өвчний эсрэг тэмцэх бие махбодийн хамгаалах тогтолцоог гэмтээдэг.

Дархлал хомсдох гэдэг нь хүний бие махбодь халдварт өвчний эсрэг тэмцэх чадваргүй болохыг хэлдэг.Хам шинж гэдэг нь аливаа нэг өвчний үед халуурах, хоолонд дургүй болох зэрэг олон янзын байдлаар хавсарч илрэхийг хэлнэ.

Эдгээр үгийг нийтэд нь хамтатган тайлбарлавал ХДХВ-ийн халдвар авсан хүмүүст ДОХ-ийн шинж тэмдэг илэрч, бие махбодь нь халдвартай тэмцэх чадваргүй болно гэсэн үг юм.ХДХВ нь хүний биеийн шингэн болох цус, үрийн шингэн, үтрээний ялгадас болон хөхний сүүнд агуулагдана.Иймд ХДХВ-ийн халдвартай хүний дээрх шингэнүүд өөр хүний биед орсоноор халдварлана.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ болон ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохидог билээ. Манай улсын хувьд 1992 оноос хойш нийт 218 тохиолдол илэрч 35 хүн амь насаа алдсан гэсэн албан баримт бий. Харин НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрөөс дэлхий даяар 36,7 сая хүн халдвартай байх боломжтой бөгөөд 2016 онд 2,1 сая хүн шинээр өвчилж, 1,1 сая хүн нас барж, ДОХ-той эхээс мэндэлсэн 1,8 сая хүүхэд амьдарч байна гэх статистик баримтыг гаргажээ. Харин Монгол улсад 500 гаруй халдвар тээгч байгаа хэмээн тус судалгаа онцоллоо. 

Монгол улсад ХДХВ болон ДОХ өвчинөөр өвчлөгсдийг үнэ төлбөргүй үзэж, шинжилгээнд хамруулдаг газар бол ХӨСҮТ-ийн “Улаан Тууз” эмнэлэг юм. Тус эмнэлэгээр өдөрт дунджаар 50 гаруй иргэд үйлчлүүлж, зөвлөгөө шинжилгээнд хамрагддаг бөгөөд долоо хоногтоо дунджаар 300 гаруй иргэдэд хүрч, ажилладаг талаар тус эмнэлгийн эмч мэргэжилтэнүүд онцлон хэллээ. Эл асуудлаар ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны тархвар судлаач их эмч Д. Байгалмаагаас дараах хэдэн асуултанд хариулт авсан юм. 

-ДОХ-ын НҮБ-ын 2016 оны судалгаагаар Монгол улсад 500 гаруй халдвар тээгч байгаа гэсэн. Харин дотоодын тандалт судалгаагаар 218 тохиолдол илэрсэн гэх зөрүүтэй баримт байна. Энэ яагаад ийм зөрүүтэй гарсан бэ?  
-Энэ баримт бол томъёонд оруулж, дунджаар хэмжсэн хэмжүүр юм. Иймд дээрхи тоог дунджаар бодож, гаргадаг гэж ойлгож болно.Манай оронд 457 ДОХ-ын тохиолдол байж магадгүй гэж тооцоод энэ тоонд тохирсон эмчилгээ эмийг засгийн газар олон улсын байгууллагаас худалдаж авдаг гэсэн үг. 
-Нийгмийн сэтгэл зүй ДОХ-той хүмүүсийг бүрэн дүүрэн хүлээж авахгүй хэвээр байна. Тэгэхээр тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, эрхийг хамгаалахын тулд эмч нар хэрхэн анхаарлаа хандуулж ажиллаж байна вэ?
-Эмч нар бол тангараг өргөсөн учир өвчтөнөө ялгаварлан гадуурхаж, тэдний нууцыг задруулдаггүй. Харин ч тэднийг ойлгоход хамаг анхаарлаа хандуулж байна.Монгол улсын засгийн газар хүртэл өвчлөгсдийг анхаарч, бүх эм тариаг үнэ төлбөргүй нийлүүлж байна. Дунджаар нэг өвчтөнд өдөрт 75 долларын эмчилгээ шаарддаг. 
-ДОХ өвчинөөр өвчилсөн иргэдийн гэр бүлийн гишүүд яаж харьцах, сэтгэл санааг нь хэрхэн засах ёстой юм бол оо. 
-ХӨСҮТ-ийн “Улаан тууз” сайн дурын шинжилгээний төв дээр “дискордант хос” буюу нэгэн өвчтэй, халдваргүй гэсэн хосууд зөвөлгөө, шинжилгээ хийлгүүлж, хяналтанд байдаг. Эмч, эмнэлгийн ажилтаны зүгээс бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орохыг сануулж, тандалт үйлчилгээг байнга явуулдаг. Нэгэнт л бие биедээ хайртай хосууд хэцүү цагт бие биеэ орхино гэж байдаггүй. Харин ч хамтдаа зөвлөгөө шинжилгээнд хамрагдаж байна. Нийгмийн халамж үйлчилгээний зүгээс нийт хөдөлмөрийн чадвар алдалтанд 70 хувь хүртэл оруулж, ТББ-тай хамтран эмнэлгийн тусламж хүрч чаддагүй олон хүнд хүрч ажиллаж байна.
-Дэлхий нийтэд ХДХВ, ДОХ өвчнөөр өвчилсөн тохиодолд ямар тусламж, дэмжлэг үзүүлдэг вэ?
-Дэлхий нийтэд ДОХ-той өвчтөн өөр улсын хилээр нэвтэрч гарахыг хориглодоггүй. Ер нь хүний эрхийн асуудлыг дээдэлж хүндэтгэлтэй харьцдаг. Гэхдээ өвчтөн сэтгэл зүйн хувьд маш эмзэг байдаг болохоор бусад хүмүүс муухай харахад л намайг өвчтэй гэдгийг мэдэхвий дээ гээд их эмзэглэдэг явдал их ажиглагддаг.
-ДОХ, ХДХВ-ын халдвар олон төрлийн замаар халдаж тусдаг. Тэгвэл монголд илэрсэн 218 тохиолдол ямар замаар халдсан талаар судалгаа бий юу?
-Хамгийн анх Монгол улсад 1992 онд ДОХ-ын халдвар оношлогдож, олон нийт мэддэг болсон. Тэгвэл дээрхи 218 халдвар нь харьцангуй эхээс урагт халдварлах, зүү тариур замаар халдварлагдаагүй. Харин хамгаалалтгүй бэлгийн хавьталаар халдварласан гэсэн судалгаа гарсан. Нийт манай улсад 35 хүн ДОХ өвчний улмаас нас барж, 2016 онд одоогийн байдлаар 8 хүн хорвоог орхисон гэх баримт бий. Гэхдээ өвчнийг эрт үедээ оношлоод 20 жил энгийн хүн шиг ажиллаж, амьдарч байгаа ч хүн бий. Хувь хүний нууц тул онцгой тохиолдол биш л бол зөвхөн дан ганц хариуцан ажиллаж байгаа эмч өвчтөний хувийн мэдээллийг мэддэг, олон нийтэд дэлгэх боломжгүй. 
-Таны хэлсэнчлэн 20 жил энгийн хүн шиг амьдарч байгаа хүн байгаа гэсэн. Зарим өвчтөн оношлогдсон даруйдаа амиа алддаг байхад зарим нь яагаад урт хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, амьдраад байна вэ?
-ДОХ, ХДХВ-ын халдвар авсан өвчтөн эрт үедээ оношлогдож, эмчилгээ эхлүүлэхийн давуу тал нь энэ юм. Тэрнээс биш ДОХ өвчин хамгийн хүнд үедээ шилжсэн тохиолдолд тун бэрхшээлтэй. Эрт оношлогдвол эмчилгээний үр дүн сайн байдаг гэсэн үг. 
-Манай улсад ДОХ-той ээжээс, өвчтэй хүүхэд төрсөн тохиолдол бий юу?
-Манай оронд хамгаалалтгүй бэлгийн хавьталаас болж халдварлдагаас биш эхээс хүүхдэд халдсан тохиодол байхгүй. Харин ч ДОХ-той  10 ээжээс 14 эрүүл хүүхэд мэндэлж, Дөрвөн ээж хоёрдах удаагаа амаржсан. Манай оронд кесарево буюу мэс заслын арга ашиглан хүүхдийг төрүүлдэг бол гадны томоохон оронд ээжийг өөрөөр нь төрүүлдэг. 
-Монгол улсад ДОХ өвчнөөр 457 хүн халдвартай байж болзошгүй гэсэн судалгаа бий гэсэн. Тэгвэл дэлхийн бусад жижиг хүн амтай оронтой харьцуулахад энэ тоо аюулын хэмжээнд хүрсэн үү?
-457 хүн халдвар авсан байж магадгүй гэсэн судалгаа болохоос биш баттай баримт биш. Манай орны хувьд бусад оронтой харьцуулахад 0,1 хувийн тархалттай харьцангуй тогтвортой гэсэн үзүүлэлттэй. Харин ЭБЭ буюу эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн тоо 12 хувьд хүрч харьцангуй их үзүүлэлттэй гарсан. 

Дээрхи зурагт мэдээлэлд 1992-2015 он хүртэлх Монгол улсад бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдол, нас баралт, өссөн дүнг харьцуулан орууллаа. ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэнүүд манай улс тархалтын байдалаараа 0,1 хувьтай буюу харьцангуй бага байгаа бөгөөд аюулын түвшинд очих хэмжээний дүн баримт биш хэмээн онцолж байна. Мөн Монгол улсын засгийн газар ДОХ өвчнөөр өвчилсөн иргэдэд нийгмийн халамж анхаарлыг үзүүлж, эмчилгээ шинжилгээнд үнэ төлбөргүй оруулдагаараа тун онцлог аж. 

.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2016/12/01 103.57.94.221