TED нь дэлхийн шилдэг сэтгэгч, бүтээгчид хуран чуулж, технологи, энтертайнмент, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, эрүүл мэнд, урлаг зэрэг олон салбарт гарч буй ахиц дэвшил, шийдэл дагуулсан үнэ цэнэтэй санаануудыг хуваалцах зорилгоор анх 1984 онд АНУ-д зохион байгуулагджээ. TED-ийн гол зорилго болох “Үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх” үзэл санааны хүрээнд орон нутаг, улс орны хэмжээнд сайн дурын баг хамт олон TED-тэй төстэй арга хэмжээг бие даан зохион байгуулах боломжийг TEDx хөтөлбөр бий болгосон юм.
TEDMED бол анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын гэгээлэг ирээдүйн төлөө итгэл үнэмшил, зорилго, үйл ажиллагаагаа чиглүүлсэн эрдэмтэд, шинийг сэтгэгчид, удирдагчид өөрсдийн бүтээл, санаагаа хуваалцдаг халуун цэг юм. Уг үйл ажиллагаа нь эрүүл мэнд, эм эмнэлгийн салбар дахь инновацийг түргэсгэх, нууцлагдмал түлхүүрийг эрэлхийлсэн гайхалтай санаануудыг тээсэн тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүрээс нэг индэр дээр цуглуулдаг юм. TEDMED Ulaanbaatar арга хэмжээг бид ашгийн бус зорилгоор, TED байгууллагаас олгосон албан ёсны TEDx лицензийн дагуу 2013 оноос хойш зохион байгуулж байна.
Энэ жилийн үйл ажиллагаа нь эрүүл амьдрахын тулд хэвшмэл болон хэвшмэл бус ойлголтуудыг танин мэдэх, нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг өөрчлөх замаар зөв хэвшлийг бий болгох, улмаар дэлхий нийтийн эрүүл аж төрөх үйлсэд тодорхой хувь нэмрээ оруулахад чиглэгдэж байгаа юм. TEDMED Live Ulaanbaatar 2015 нь "Breakthrough" буюу “ЭРГЭЛТИЙН ЦЭГ” сэдвийн дор 2015 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Blackbox Theatre Mongolia-д бүтэн өдрийн турш 250 оролцогчтой зохион байгуулагдах гэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг TEDMEDLiveUlaanbaatar 2015 фэйсбүүк хаягаас авах боломжтой.
“TEDMED Live Ulaanbaatar 2015” зохиогдоно
2015-12-16 17:33:00